Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газраас Төрийн үйлчилгээг иргэдэд хурдан шуурхай, хүндрэл чирэгдэлгүй хүргэх зорилгоор “ХУР-ДАН” цэгийг нээн ажиллуулж байгаа бөгөөд аймгийн хэмжээнд аймгийн Засаг даргын тамгын газар, Нийгмийн даатгалын хэлтэс, Баянтүмэн сумын Засаг даргын тамгын газарт операторын горимоор үйл ажиллагаагаа явуулж эхлээд байна.
Иргэд өөрт ойр байрлах ХУРДАН цэгээс үйлчилгээ авахдаа иргэний үнэмлэх, өөрийн нэр дээр бүртгэлтэй утасны дугаараар, иргэний үнэмлэхийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт, жолоочийн лавлагаа гэх мэт үйлчилгээг авах бүрэн боломжтой. Мөн Хурдан цэгээс иргэн та И-Монгол платформд шинээр бүртгүүлэх, утасны дугаар солих, нууц үг солих зэрэг зөвлөгөө мэдээллийг авч болно.
Өнөөдрийн байдлаар Төрийн үйлчилгээний ХУРДАН киоск машиныг Хэрлэн, Баянтүмэн сумдын Засаг даргын тамгын газар, Цагдаагийн газрын A1 дүгээр байр, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвд тус тус байршуулж, иргэдэд төрийн үйлчилгээг цахимаар хүргэх нөхцөлийг бүрдүүлээд байна.
Уг автомат төхөөрөмжөөс иргэд хамгийн их хэрэг болдог иргэний үнэмлэхийн лавлагаа, татвар торгууль төлөх, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тодорхойлолт, шүүхийн шийдвэрийн лавлагаа, үүрэн холбооны нэгж авах зэрэг төрийн болон хувийн хэвшлийн 60 байгууллагын 600 гаруй үйлчилгээг нэг доороос авахаас гадна G-sign апплйкешнд суурилсан тоон гарын үсэг авах боломжтой.
Харин Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвд байрлах ХУРДАН киоск машинаас төрийн 3-н байгууллага болон хувийн хэвшлийн 100 гаруй үйлчилгээг авах боломжтой бөгөөд цаашид үйлчилгээний тоог нэмэгдүүлэхээр төлөвлөөд байна.