“ЦАГААН АЛТ” ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨН-ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛЖ БАЙНА

1 сар
“ЦАГААН АЛТ” ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨН-ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛЖ БАЙНА
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Цагаан алт” үндэсний хөдөлгөөн төр хувийн хэвшлийн зөвлөлдөх уулзалтад аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат, Засаг даргын тамгын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Гэрэлцэцэг болон холбогдох агентлагийн мэргэжилтнүүд цахимаар оролцлоо.
“Цагаан алт” үндэсний хөдөлгөөнийг 2024-2028 оны хооронд хэрэгжүүлэх бөгөөд үр дүнд нь ноолуурын бүрэн боловсруулалтын түвшнийг 20 хувиас 40 хувь хүртэл нэмэгдүүлж, үйлдвэрлэлийг 1,5 их наяд төгрөгөөс 2,3 их наяд төгрөг, экспортыг 398 сая ам.доллароос 690 сая ам.доллар хүртэл нэмэгдүүлж, шинээр 8 мянга гаруй ажлын байрыг бий болгох зорилтыг дэвшүүлээд байгаа юм.
Мөн ноосны боловсруулалтын түвшнийг 25 хувиас 55 хувь хүртэл, үйлдвэрлэлийг 240 тэрбум төгрөгөөс 670 тэрбум төгрөг, экспортыг 52 сая ам.доллароос 119 сая ам.доллар хүртэл,
арьс, ширний гүн боловсруулалтын түвшнийг 30 хувиас 50 хувь хүртэл, борлуулалтыг 57.8 тэрбум төгрөгөөс 90.0 тэрбум төгрөг, экспортыг 9.6 сая ам.доллароос 22.4 сая ам.доллар хүртэл тус тус нэмэгдүүлэхээр зорьж байна.
Аймгийн Засаг даргын орлогч зөвлөлдөх уулзалтын төгсгөлд
-Хөдөө аж ахуйн салбарт хэрэгжиж буй томоохон үндэсний хөтөлбөрүүдийг эрчимжүүлэх нэгдсэн ажлын хэсэг байгуулах, үйл ажиллагааны төлөвлөгөө гарган хэрэгжилтийг ханган, тайлагнаж ажиллах,
-Салбар хоорондын уялдаа холбоог сайжруулах,
-Салбаруудын хүний нөөцийн бодит судалгааг гаргаж, танилцуулах,
-Аймгийн Засаг даргын дэргэдэх орон тооны бус эрдэмтдийн зөвлөл байгуулах,
-Статистикийн мэдээллийг нэгтгэн цэгцлэхийг холбогдох агентлагийн удирдлагуудад чиглэл болголоо.