Улиран одож байгаа “Хилэнт эх” хэмээх модон луу жилд Монгол Улсын зүүн хязгаар Халх, Буриад, Барга, Үзэмчин ястнууд амьдран суудаг Дорнод аймгийн маань хүн ам өсөж, хүнс тэжээл арвижиж, нялхас багачууд эрүүл саруул, настан буурлууд амар амгалан өвлийг өнтэй давж, могой жилтэйгээ золгож байна.
Монголчууд бид нүүдлийн мал аж ахуйн хэв шинж, уламжлалаа хэдэн зуунаар төгс хадгалж ирсэн малчин түмнээ дээдэлдэг улс. Аймгийн маань мал сүрэг 2,6 саяар тоологдож, Дашбалбар сум улсын хэмжээнд хамгийн олон малтай сумын есдүгээрт бичигдлээ.
Өнгөрч буй "Модон луу" жилд аймаг, орон нутгийнхаа өмнө нэн тулгамдаж байсан суурь дэд бүтцийн асуудлууд болох эрчим хүч, автозам, цэвэр ус, дулааны шугам сүлжээгээ шинэчлэх зэрэг хамгийн чухал бүтээн байгуулалтын төслүүдээ эхлүүлсэн өрнүүн жил байлаа.
Мөн Дорнод аймгийнхаа ирээдүй болсон хүүхэд багачууд болон иргэн, өрх бүрийнхээ эрүүл мэнд, боловсрол, нийгмийн баталгаа, эрүүл аюулгүй орчинд сурч хүмүүжих, ажиллаж амьдрах таатай орчныг бүрдүүлэхэд төвлөрөн ажиллалаа.
Энэхүү бодлогын үр дүнд 21 аймгийн өрсөлдөх чадварын ерөнхий үнэлгээгээр 8-аас 6 дугаар байранд эрэмбэлэгдэн ажилтаа ахиулсан нь аймгийн маань хөгжлийг илэрхийлж байна.
Аймгийн дотоодын нийт бүтээгдэхүүн 2022 онд 943,5 тэрбум төгрөгөөс 2023 онд 1 их наяд 105 тэрбум төгрөгт хүрч өмнөх оноос 10,6 хувийн өсөлттэй гарч, нэг хүнд ногдох ДНБ нь 13,2 сая төгрөгөөс 15,3 сая төгрөг болж өссөн байна. Тодруулбал өмнөх оноос үйлдвэрлэлийн салбар 37.9 хувь, хөдөө аж ахуйн салбар 14 хувь, үйлчилгээний салбар 2.1 хувиар өсжээ.
Монгол Улсын Засгийн газраас 2024 оныг "Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил" болгон зарлаж, Дорнод аймагт маань зүүн бүс нутгийн хөгжилд өндөр хувь нэмрээ оруулах томоохон төслүүд болох Ульхан, Хавирга боомт чиглэлийн хатуу хучилттай автозам, Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийн төмөр зам барих зэрэг төслүүд хэрэгжиж байгаа нь олон улсын эдийн засгийн эргэлтийн шинэ коридор бүс нутаг болох эхлэл юм.
Ингээд нутгийн зон олон минь сар шинэдээ сайхан шинэлж, ирж буй “Элдэв эрдэнэт" хэмээх модон могой жилдээ хотол олноороо энх амгалан, элбэг хангалуун, тэгш дүүрэн байхын ерөөлийг өргөн дэвшүүлж байна.
Хүндэтгэсэн: Дорнод аймгийн Засаг дарга Шүхэртийн Ёл