Аймгийн Удирдах ажилтны өнөөдрийн шуурхай хуралдаанаар аймгийн Засаг дарга Ш.Ёл дараах үүрэг чиглэлийг өглөө.
1. Монгол Улсын Ерөнхий сайдын 2025 оны 03 дугаар албан даалгаврын хэрэгжилтийг бүх түвшинд хангуулж, биелэлтийг сар бүр тайлагнаж ажиллахыг Засаг даргын тамгын газрын Хөгжлийн бодлого,төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтэс, Нийгмийн бодлогын хэлтэст,
2. 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Зүүн бүсийн зөвлөгөөнийг зохион байгуулахтай холбогдуулан ажлын хэсэг, дэд ажлын хэсгүүдийг томилж, бэлтгэл ажлыг хангуулах, салбарын хэмжээнд тулгамдсан асуудлыг тодорхойлж, эрэмбэлэн 03 дугаар сарын 20-ны дотор танилцуулахыг Засаг даргын тамгын газрын Хөгжлийн бодлого төлөвлөлт,хөрөнгө оруулалтын хэлтэст,
3. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 2025 онд хөнгөлөлттэй зээл олгох төсөлд хүсэлт авч эхэлсэнтэй холбогдуулан аймгийн Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх төв, Хүнс, хөдөө аж ахуйн газар хамтран иргэнд мэдээлэл өгөх чиг үүрэг бүхий нэг цэгийн үйлчилгээний цэгийг байгуулах,
4. Хөлөнбуйр суманд гарсан гал түймрийн хохирлын хэмжээг яаралтай тогтоох ажлын хэсгийг аймгийн Засаг даргын тамгын газрын дарга П. Бат-Өлзийгөөр ахлуулж ажиллуулах,
5. Хуурайшилтын зэрэг өндөр байгаатай холбогдуулан аймгийн Онцгой комиссыг яаралтай хуралдуулж, 3 сарын хугацаанд аймгийн хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, холбогдох шуурхай арга хэмжээг хэрэгжүүлж ажиллах,
6. Мэргэжлийн байгууллагууд чиг үүргийн хүрээнд гал түймэртэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах, олон нийтийн оролцоог хангуулан ажиллах.