БООМТЫН СЭРГЭЛТИЙН ДЭД ХОРООНЫ 2 ДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО

1 сар
БООМТЫН СЭРГЭЛТИЙН ДЭД ХОРООНЫ 2 ДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО
Монгол Улсын Засгийн газраас бүсийн хамтын ажиллагааг дэмжих, идэвхжүүлэх зорилгоор "Бүсчилсэн хөгжил" хөдөлгөөнийг 2 дугаар улиралд багтаан Улсын хэмжээнд зохион байгуулахаар шийдвэрлэсний дагуу "Бүсийн зөвлөгөөн"-үүдийг зохион байгуулахаар ажиллаж байна.
Зүүн бүсийн өргөтгөсөн хуралдаан буюу “Зүүн бүсийн зөвлөгөөн”-ийг ирэх 5 дугаар сарын 2-ны өдөр манай аймагт зохион байгуулахаар төлөвлөж, бэлтгэл ажлыг хангаж байна.
Өнөөдрийн дэд хорооны хуралдаанд Боомтын сэргэлтийн дэд хорооны дарга, аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат, аймгийн Засаг даргын тамгын газрын Бүс, орон нутгийн хөрөнгө оруулалт, бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Н.Гэрэлцэцэг, аймгийн Боомтын сэргэлтийн дэд хорооны гишүүд биечлэн оролцож, цахимаар боомт бүхий сумдын удирдлага, хилийн цэргийн ангийн захирагч нар хамрагдлаа.
Зүүн бүсийн зөвлөгөөний хүрээнд "Бүсийн хил холболт" салбар хэлэлцүүлэг болохтой холбогдуулж хилийн боомтуудын тухайн бүс нутагт оруулах хувь нэмрийг тодорхойлох, тулгамдаж байгаа болон цаашид авч хэрэгжүүлэх шаардлагатай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх арга замын талаар санал солилцлоо. Дэд хорооны гишүүдээс гарсан саналыг нэгтгэж Боомтын сэргэлтийн үндэсний хороонд уламжлах юм.