Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 67 дугаар тогтоолоор жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн Лхагва гаригийг “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр” болгох шийдвэрийг гаргасан. Үүний дагуу өнөөдөр орон даяар “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр”-ийг найм дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна.
Энэ жилийн хувьд “Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр”-ийн хүрээнд Зүүн бүсийн төв Дорнод аймгийн Онцгой байдлын газраас иргэд, олон нийтэд зориулсан сургалт, дадлага болоод ерөнхий боловсролын сургуулийн II улирлын бие даалтын долоо хоногийг “Аюулгүй амьдрах ухаан” сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх хүрээнд хамтран хичээл, сургалтыг зохион байгуулж байна.
“Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр”-тэй болсноор газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах, аврах үйл ажиллагаанд хүн амыг сургаж бэлтгэх, таниулах, төрийн байгууллага болон гамшгаас хамгаалах албад, аж ахуйн нэгж, байгууллага, төрийн бус байгууллага, ард иргэдийг оролцуулан үндэсний хэмжээнд газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгаа хийх, газар хөдлөлтийн гамшигтай тэмцэх байнгын бэлэн байдлыг дээшлүүлэх нөхцөл бүрдсэн юм.