Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 339, 340 дүгээр тогтоолоор батлагдсан “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”, “Нүүлгэн шилжүүлэх журам”-ын хэрэгжилтийг хангуулах хүрээнд 03 дугаар сарын 27-ны өдрийн 16:00 цагт орон даяар гамшгийн аюулын дуут дохио ажиллаж зарлан мэдээллийн дохиогоор нүүн шилжих дадлага сургууль явагдана.

Нэгдэх дохио дуугарахад иргэн та “суу, нүүгд, хүлээ” гэсэн дүрмийг баримталж, аюулгүй байдлаа хангаж түр хүлээнэ үү. Хэрэв та гудамжинд явж байвал, гэрэлтүүлэг, цахилгааны тулгуур багана, өндөр барилга, байгууламж зэргээс холдож биеэ хамгаалан сууж түр хүлээнэ үү. Тээврийн хэрэгслээр явж байгаа тохиолдолд замаас гарч, тээврийн хэрэгслийг унтрааж түр хүлээнэ үү.

Хоёр дахь дохио дуугарахад яарч сандралгүй нэгийн цуваанд орж баруун гар талаа барьж, “гүйхгүй, эргэж буцахгүй, нэгнээ түлхэхгүй” гэсэн дүрмээ баримталж, байгаа газраасаа гарч, аюулгүй талбайд цугларна уу. Гарахдаа цахилгаан шат ашиглахгүй байхыг анхааруулж байна.

Гурав дахь дохио дуугарахад та өөрийн харьяаллын засаг захиргааны нэгж болон байгууллагынхаа холбогдох албан тушаалтанд бүртгүүлж, дадлага, сургуульдаа идэвхтэй оролцоорой.

Тухайн дадлага сургуульд хамрагдахдаа дараах QR кодоор гамшгийн үеийн бэлэн байдлаа хангах асуумж судалгааг бөглөхийг уриалж байна.