Аймгийн төсвийн хөрөнгө оруулалтаар Чойбалсан хотын зам талбайн цэвэрлэгээ, хог тээврийн үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор орчин үеийн техник, тоног төхөөрөмжийг шинэчлэх, нэмэгдүүлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна.
Өнөөдөр аймгийн Засаг дарга Ш.Ёл “Чойбалсан хөгжил” ОНӨААТҮГ-т зам талбайн цэвэрлэгээнд зориулж, 2024 онд үйлдвэрлэгдсэн автомат горимтой хог шүүрдэгч, вакум соруулагчтай, зам талбайг чийглэх зориулалттай ус шүршигч мананжуулагч систем бүхий автомашин,
“Хэрлэн тохижилт үйлчилгээ” ОНӨААТҮГ-т 2025 онд үйлдвэрлэгдсэн 25 тонны хүчин чадалтай хог тээврийн ачааны автомашиныг тус тус хүлээлгэн өглөө. Ингэснээр хотын тохижилт үйлчилгээний ажлыг хөнгөвчлөх, хог ачилтын тоог нэмэгдүүлэх үр дүнтэй юм.
Аймгийн Засаг дарга Ш.Ёл “Цаашид хог тээвэр, цэвэрлэгээ үйлчилгээ, боловсруулах менежментийг сайжруулах шаардлагатайг дурдаж, хүний хөдөлмөр хөнгөвчилсөн үр ашиг, бүтээмж өндөртэй сүүлийн үеийн дэвшилтэт тоног төхөөрөмжөөр хангахад анхаарч ажиллана гэдгээ тодотголоо.”