Хил хамгаалалтад туслах хүчний зөвлөгөөн өнөөдөр ОХУ-тай хил залгаа Баян-Уул суманд зохион байгуулж байгаа юм.
Дорнод аймгийн хувьд хилийн хамгийн урт шугам, хамгийн олон боомт, анги салбаруудтай аймаг гэдгээрээ онцлог.
Тиймээс хил хамгаалалт болон түүнд ажиллаж байгаа ажиллагсдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд онцгой анхаарал хандуулж, жил бүр энэхүү зөвлөгөөнийг зохион байгуулан хагас жилийн болон тухайн жилд хийж хэрэгжүүлэх ажлуудаа хэлэлцэн зөвлөлддөг.
Өнгөрсөн 2019-2024 онд улс болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хилийн цэргийн албан хаагчдын 8 болон 4 айлын орон сууц барих, багийн бага сургууль, цэцэрлэг барих, заставын нэгдсэн байр барих, цэргийн байр барих, дулааны шугам, бохирын шугамд холбох, төвлөрсөн эрчим хүчинд холбох, боловсон ариун цэврийн байгууламж барих зэрэг ажилд 2,5 орчим тэрбум төгрөг,
Үүний зэрэгцээ хил хамгаалах чиглэлээр хэрэгжүүлж байгаа томоохон ажил бол тал хээрийн түймрээс хамгаалах шороон зурвасыг ОХУ-тай хиллэдэг хил дагуу байгуулах, хилийн торон саад байгуулах зэрэг ажилд 1.3 тэрбум төгрөгийг аймгийн орон нутгийн төсвийн хөрөнгөөр жил бүр хэрэгжүүлсэн байна.
Энэ онд Хил хамгаалах байгууллага болон хил хамгаалах чиглэлээр 120 орчим сая төгрөгийн дэмжлэгийг аймгийн орон нутгийн төсвөөс үзүүлж байгаа юм.
Ирэх жилүүдэд аймгийн Засаг дарга Ш.Ёл, Хил хамгаалалтад туслах хүчний зөвлөлийн даргын хувиар гишүүдийн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхэд дэмжлэг үзүүлэн Улсын хилийн халдашгүй дархан байдлыг хангах, анги салбарын үйл ажиллагааг дэмжих, Хил хамгаалах байгууллагын алба хаагчдын ажиллах, амьдрах ахуй нөхцөлийг сайжруулж, дэд бүтцийг хөгжүүлэх, тэдний эрүүл мэнд, хөгжлийн асуудлыг дээшлүүлэх талаар бодлогын баримт бичигтээ тусган, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд анхааран ажиллахаа илэрхийлэв.
Мөн Улсын хилийн халдашгүй дархан байдлыг хангахад тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэхэд зөвлөлийн гишүүдийн санал санаачилга, идэвхи оролцоо, дэмжлэг хамгийн чухал гэдгийг онцоллоо.