Эрүүл мэндийн яам, НҮБ-ын Хүн амын сангийн хамтарсан “Урьдчилан сэргийлэх боломжтой эхийн болон перинатал эндэгдлийг тэглэх арга хэмжээг эрчимжүүлэх нь” төслийн багийнхан Дорнод аймагт ажиллалаа.
Ажлын хэсэгт НҮБ-ын Хүн амын сангийн НҮЭМ хөтөлбөрийн мэргэжилтэн Б.Цэдмаа, Залуучуудын хөтөлбөрийн мэргэжилтэн Х.Баттуяа, хөтөлбөрийн ажилтан Ж.Солонго болон ЭХЭМҮТ-ийн зөвлөх эмч, сургагч багш С.Хишгээ, ЭХЭМҮТ-ийн эх барихын эмч, сургагч багш Б.Алтанцэцэг нар багтсан юм.
Тус ажлын хэсэг эхийн болон нярайн эндэгдлийг бууруулах зорилгоор байгуулагдсан “Эндэгдлийг хэлэлцэх хороод”-ын чадавхыг нэмэгдүүлэх сургалт зохион байгуулах, ХПВ-ийн эсрэг вакцинжуулалтын нөхцөл байдалтай газар дээр нь танилцах, эмч мэргэжилтнүүдэд техник, арга зүйн зөвлөгөө өгөх зэрэг ажлуудыг хийж байна.
Мөн Залуучуудын хөгжлийн төвийн шинэчлэлт, үйл ажиллагааг өргөжүүлэх, залуусын эрүүл мэнд, хөгжилд чиглэсэн хөтөлбөрүүдийг дэмжих чиглэлээр хамтран ажиллаж байгаагаараа онцлог юм.
Ажлын хэсгийг Дорнод аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат хүлээн авч уулзан, төсөл, хөтөлбөрийн хүрээнд хийгдэж буй ажлуудын явцтай танилцаж, орон нутгийн зүгээс бүх талаар дэмжин ажиллахаа илэрхийллээ.