Аймгийн Онцгой комиссын ээлжит хуралдаан болж, халдварт өвчний нөхцөл байдал болон байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх асуудлыг хэлэлцлээ.
Хуралдаанаар улаанбурхан өвчний тархалтын нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, аймгийн хэмжээнд нийт 18 тохиолдол батлагдсаныг мэргэжлийн байгууллагаас мэдээллээ. Голомтын дархлаажуулалтыг 86 хувийн гүйцэтгэлтэйгээр зохион байгуулсан бөгөөд нөхөн дархлаажуулалтын ажлыг үе шаттай үргэлжлүүлэн хийж байна.
Мөн ойрын өдрүүдийн хэт халалтын дараа үер усны гамшгийн эрсдэл үүсч болзошгүй байгааг онцолж, аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат мэргэжлийн байгууллагуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх, Онцгой комиссын гаргасан тогтоол, шийдвэрүүдийг төрийн бүх шатны байгууллагууд хариуцлагатайгаар хэрэгжүүлж ажиллахыг нийт сумын Засаг дарга, төрийн байгууллагын удирдлагуудад үүрэг болголоо.