АЙМГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛДААН БОЛЛОО

3 цаг
АЙМГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛДААН БОЛЛОО
Аймгийн удирдах ажилтны ээлжит шуурхай хуралдаан зохион байгуулагдлаа. Хуралдааны үеэр аймгийн Байгаль орчны газраас “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний 2025 оны хаврын ажлын явцын талаар, мөн Стандарт хэмжил зүйн газраас MNS 7068:2025 “Төрийн албаны үйл ажиллагаанд тавих ерөнхий стандарт”-ыг тус тус танилцууллаа.
Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат дараах үүрэг чиглэлүүдийг холбогдох хэлтэс, байгууллагуудад өглөө. Үүнд:
Ээлжийн амралттай удирдлагыг орлох мэргэжилтнүүдийг хариуцлагатай ажиллуулах.
Багийн Засаг даргын зөвлөгөөнөөс гарсан санал, хүсэлтийн хариуг холбогдох хэлтсүүд албан бичгээр өгч, Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн даргад танилцуулах.
Өвөлжилтийн бэлтгэл ажлын төлөвлөлтийг чанартай боловсруулж, хэрэгжилтэд анхаарах.
Царцааны нүүдэл, цөлжилтийн эсрэг чиглэлээр ажлын хэсэг байгуулж, төлөвлөгөөт арга хэмжээ авч хэрэгжүүлэх.
Аймгийн ИТХ-ын 2025 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн тогтоолын дагуу Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас “Иргэдийн санал сонсох” сонсголыг 9 дүгээр сарын 27-нд зохион байгуулах тул бэлтгэл ажлыг хангаж ажиллах.
Ачаа тээврийн том оврын автомашинууд батлагдсан замаар зорчиж буй эсэхэд хяналт тавьж, байгальд сөрөг нөлөөгүй байдалд анхаарах.
Хуурайшилт их байгаа энэ үед ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сумдын нөөц бүрдүүлэлт, бэлэн байдалд анхаарч ажиллахыг Зүүн бүсийн төв Онцгой байдлын газар болон Байгаль орчны газарт үүрэг болгов.
Зорилтот жилийн хүрээнд хэрэгжүүлсэн ажлын мэдээллийг Аймгийн Засаг даргын Тамгын газрын хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтэст хүргүүлж, үр дүнг тооцох ажлыг зохион байгуулах.
Аялал жуулчлалын салбарыг эрчимжүүлэх хүрээнд иргэд, аялагчдын тоон бүртгэлд анхаарч ажиллахыг Соёл, урлаг, аялал жуулчлалын газарт чиглэл болгов.