Корона вирусын өвчлөлтэй холбогдуулж аймгийн Онцгой комисс хуралдлаа

4 жил
Корона вирусын өвчлөлтэй холбогдуулж аймгийн Онцгой комисс хуралдлаа

Урд хөршид анх бүртгэгдэж, дэлхий нийтийн анхаарлыг татаж, айдас дагуулаад буй коронавирусийн асуудлаар өнөөдөр /2020.01.23/ Дорнод аймгийн Онцгой комисс бүрэлдэхүүнээрээ хуралдлаа.

Манай улсын хувьд БНХАУ-тай хиллэдэг учраас дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас дунд эрсдэлтэй бүс гэж бүртгэгдсэн байна. Манай аймгийн хувьд БНХАУ-тай Хавирга-Ар хашаат, Өвдөг-Баянхошуу, Сүмбэр-Рашаан гэсэн 3 боомтоор хиллэдэг учраас эрсдэлтэй бүсийн аймгуудын нэгт орж байгаа юм.

Онцгой комиссын хурлаар мэргэжлийн байгууллагууд хилийн боомтууд дээр хяналт, шалгалтаа чангатгаж, БНХАУ-руу зорчиж, эсвэл тэндээс ирж байгаа иргэдээс энэ өвчний шинж тэмдэг байгаа эсэхийг нарийн шалган, нэвтрүүлж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг өндөр хэмжээнд авч ажиллахаар болж, зарим мэдээлэлтэй холбогдуулж Улсын онцгой комисст хүсэлт хүргүүлэхээр шийдвэрлэлээ.

Дорнод аймгийн онцгой комиссоос онцын шаардлагагүй тохиолдолд БНХАУ-руу аялах зугаалах болон бусад ажлаар зорчихгүй байхыг онцгойлон анхааруулж, байна. Хил хаах тохиолдол ховор ч бүх нийтийг хамарсан аюулт өвчлөлийн тохиолдолд хаадаг байна.

Монголчуудын хамгийн их зорчдог БНСУ, Япон, Тайван зэрэг Азийн орнууд болон Хятадын томоохон хотууд АНУ, Филиппин, Нигер зэрэг орнуудад бүртгэгдсэн корона вирусээр дэлхий нийтэд 450 орчим хүн халдварлаж, есөн хүн нас бараад байгаа юм.