УНГАР УЛСТАЙ БАЙГАЛЬ ОРЧИН, ХӨДӨӨ АЖ АХУЙН ЧИГЛЭЛЭЭР ХАМТАРЧ АЖИЛЛАНА

1 долоо хоног
УНГАР УЛСТАЙ БАЙГАЛЬ ОРЧИН, ХӨДӨӨ АЖ АХУЙН ЧИГЛЭЛЭЭР ХАМТАРЧ АЖИЛЛАНА
УНГАР УЛСТАЙ БАЙГАЛЬ ОРЧИН, ХӨДӨӨ АЖ АХУЙН ЧИГЛЭЛЭЭР ХАМТАРЧ АЖИЛЛАНА
Өнөөдөр /2025.10.02/ аймгийн Засаг дарга Ш.Ёл, Унгар Улсын ЭСЯ-ны II-р нарийн бичгийн дарга, Эдийн засаг, Гадаад худалдааны атташе Олмаши Томаш тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтад аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Гадаад харилцаа, аялал жуулчлалын бодлогын хорооны дарга Г.Золбаяр, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ж.Ганболд, Б.Анхбаяр болон холбогдох хэлтсийн дарга нар оролцсон юм.
Унгар улсын эдийн засгийн тэргүүлэх салбараар Эрүүл мэнд тэр дундаа эмийн суурь бүтээгдэхүүний импорт, Хөдөө аж ахуйн салбар зонхилдог ба тус улсын Засгийн газраас 2014 оноос эхлэн “Дорнын хамтын ажиллагааг идэвхжүүлэх” бодлогыг баримтлан, уламжлалт хамтын ажиллагааг бүхий л салбарт сэргээхээр ажиллаж байгаа тухай Унгар Улсын ЭСЯ-ны II-р нарийн бичгийн дарга, Эдийн засаг, Гадаад худалдааны атташе Олмаши Томаш яриандаа онцоллоо.
Энэ хүрээнд Дорнод аймагтай байгаль орчин, хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах, дээрх чиглэлээр мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх, аялал жуулчлал, судалгааны чиглэлээр хамтран ажиллах бүрэн боломжтой гэдгээ илэрхийлэв.
Аймгийн Засаг дарга Ш.Ёл, Дорнод аймагт зочлон, өөрсдийн биеэр манай аймагтай танилцан хамтран ажиллах нөөц боломжийг судалж байгаа баг бүрэлдэхүүнд талархал илэрхийлэн, Унгар улстай байгаль орчин ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, газар тариалан, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, махны экспортлох, зөгийн балыг экспортлох, түүхэн болон хил дамнасан аялал жуулчлал, боловсрол, эрүүл мэндийн салбар болон оюутан залуусыг бакалавр, магистр, докторт сургах зэргээр хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжтой саналуудыг дэвшүүлсэн юм.
Цаашид хамтын ажиллагааг үр дүнтэй хэрэгжүүлэх, шинэ шатанд хүргэхэд аймгийн Засаг дарга болон Унгар улсын Элчин Сайдын Яамнаас бүхий л талаар туслалцаа, дэмжлэгийг харилцан үзүүлж ажиллахаар боллоо.