Мобиком групп тогтвортой хөгжлийг дэмжих бодлогынхоо хүрээнд “Smart Education” төслийг тав дахь жилдээ амжилттай хэрэгжүүлж байна. Энэ удаагийн “Smart Education 5” төслийн нээлт өнөөдөр Хэрлэн сумын Ерөнхий боловсролын 11 дүгээр сургуульд болж, шинээр тохижуулсан “Дижитал танхим”-ыг хүлээлгэн өглөө.
Нээлтийн арга хэмжээнд аймгийн Засаг дарга Ш.Ёл, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ш.Ганганмөрөн, ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Б.Нарангэрэл, аймгийн Боловсролын газрын дарга Ч.Ариунаа, Хэрлэн сумын 11 дүгээр сургуулийн захирал В.Алтансувд болон Мобиком корпорацийн гүйцэтгэх захирал Кожи Курушима тэргүүтэй удирдлагын төлөөлөл оролцлоо.
“Smart Education” төсөл нь 2021 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд технологийн шийдлээр дамжуулан боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх, хүүхэд бүрийг тэгш боломжтойгоор суралцах нөхцөлөөр хангахад чиглэдэг. Сүүлийн хоёр жилийн хугацаанд уг төсөлд нийслэлийн 6 дүүрэг, орон нутгийн 13 аймгийн нийт 19 сургууль хамрагдаж, 37 мянга гаруй сурагч дэлхийн боловсролын шилдэг туршлагыг дэргэдээсээ авах боломжтой болсон байна.
Энэ жилийн төслийн хүрээнд аймаг, нийслэлийн таван сургуульд иж бүрэн “Дижитал танхим” байгуулагдаж, смарт самбар, өндөр хурдны интернэт, сурагч бүрт зориулсан зөөврийн компьютер (laptop) зэргээр тохижуулсан байна. Ингэснээр сурагчид Eduten, Pearson, Medle зэрэг платформуудыг ашиглан сургалтдаа идэвхтэй оролцож, хоцрогдолгүй суралцах нөхцөл бүрдэж байна.