ХЭРЛЭН СУМЫН 9 ДҮГЭЭР ЦЭЦЭРЛЭГИЙН БАРИЛГЫГ ЗАСВАРЛАХ ТӨСЛИЙН ГЭРЭЭГ БАТАЛГААЖУУЛЛАА

1 долоо хоног
ХЭРЛЭН СУМЫН 9 ДҮГЭЭР ЦЭЦЭРЛЭГИЙН БАРИЛГЫГ ЗАСВАРЛАХ ТӨСЛИЙН ГЭРЭЭГ БАТАЛГААЖУУЛЛАА
Өнөөдөр /2025.10.02/ аймгийн Засаг дарга Ш.Ёл, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Игавахараг хүлээн авч уулзан, Япон Улсын Засгийн газрын 2025 оны “Өвсний үндэс” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх “Дорнод аймгийн Хэрлэн сумын 9-р цэцэрлэгийн барилгыг засварлах" төслийн гэрээнд гарын үсэг зурж баталгаажууллаа.
Төслийн хүрээнд “Өвсний үндэс” төслөөс 146 мянган ам.доллар, аймгийн Орон нутгийн төсвөөс 70 сая төгрөгийн санхүүжилтээр Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр цэцэрлэгийн барилгын халаалтын систем, цэвэр болон бохир усны шугам хоолой, мөн цахилгааны системийг шинэчлэх ажлыг хэрэгжүүлэх юм.
Аймгийн Засаг даргаас Дорнод аймагт буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж буй энэхүү төсөлд талархалж буйгаа илэрхийлэн, цаашид боловсрол, эрүүл мэнд, аялал жуулчлал, хөдөө аж ахуйн салбаруудад хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, тэр дундаа Япон улсын аль нэг мужтай нөхөрсөг хамтын ажиллагаатай байх саналыг дэвшүүллээ.
Талууд хоёр улс болон орон нутаг хоорондын хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэх үр дүнтэй төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх талаар санал солилцож, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, Засаг даргын дэвшүүлсэн саналуудыг судалж үзэхээ илэрхийлэв.
Уулзалтын төгсгөлд аймгийн Засаг дарга Ш.Ёл, гэргий М.Отгонбаяр, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрх Элчин сайд Игавахара Масарү болон гэргий Игавахара Эйко нар дурсгалын зураг татууллаа.