Монгол Улсад хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсэж хөгжсөний 100 жилийн түүхэн ойн хүрээнд “Хүүхэд-Хайр-Ирээдүй” уриан дор ойг зохион байгуулах ажлын хэсгээс томоохон ажлуудыг үе шаттайгаар зохион байгуулж, хэрэгжүүлсний нэг нь аймгийн Төв Музейд “Хүүхдийн байгууллагын түүхэн танхим”-ыг шинэчлэн тохижуулах юм.
Уг танхимыг хүүхдийн байгууллагын 80 жилийн ойгоор анх үүсгэн байгуулсан бөгөөд дахин сэргээж шинэчилж байгаа нь энэ юм.
Уг танхимын нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат, аймгийн Музейн дарга В.Нарангэрэл, Хүүхдийн байгууллагын ахмад ажилтны төлөөлөл ахмад багш, Пионерын ахлах удирдагч М.Санжмятав болон хүүхдийн байгууллагын алба хаагчдын төлөөллүүд, ахмад пионерчид оролцлоо.
Энэхүү түүхэн танхимаар олон мянган хүүхэд, иргэд зочилж, Дорнодын хүүхдийн байгууллагын үүх түүхээр бахархах, танин мэдэхүйн мэдлэгийг бий болгох зорилготой юм.
Тэртээ 1925 онд Хан Хэнтий уулын Матад хан уулын хошууны сургууль дээр Д.Сүхбаатарын суртлыг хөгжүүлэгч, пионерийн 14 дүгээр бүлэг байгуулагдсанаар Дорнод аймгийн Пионерийн байгууллагын түүх эхэлсэн байдаг.
Пионерийн ахлах удирдагчид Дорнод нутгаас олноор төрөн гарч, орон нутгийн хүүхэд, багачууд, өсвөр үе, залуучуудын хүмүүжил, эх оронч сэтгэлгээг төлөвшүүлэх, ажилч хөдөлмөрч үзэл хандлагыг бий болгох зэрэгт өөрсдийн хувь нэмрийг оруулсаар ирсэн байдаг.