Манай аймгийн ахмадууд 2010 оноос “Угийн бичгээ хөтөлцгөөе” уриан дор нэгдэж, угийн бичгээ хөтлөх хөдөлгөөнийг өрнүүлсний 15 жилийн ой энэ онд тохиож байна. Энэ хугацаанд ахмадын байгууллагын идэвхтэн сонгуультнууд, судлаачид, эрдэмтэн, докторууд идэвхийлэн оролцож, сургалт зохион байгуулах, туршлага түгээн дэлгэрүүлэх ажлыг өргөн хүрээнд хийсний үр дүнд угийн бичгээ хөтөлдөг ахмадын тоо жил бүр нэмэгдэж байна.
Ахмадын өдрийг угтан аймгийн 13 сумын Ахмадын хороо, Хэрлэн сумын 11 багийн Ахмадын зөвлөл хамтран “Угийн бичигтэн” нэртэй үзэсгэлэнг өнөөдөр зохион байгууллаа.
Уг үзэсгэлэнг сум, овог, айл, залуу үе гэсэн үе шаттайгаар дэлгэгдэж, ахмадуудын угийн бичгийн баялаг уламжлал, бүтээлч санаачилгыг олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор зохион байгуулж байна.
Аймгийн хэмжээнд угийн бичиг хөтөлж буй 13,286 ахмад, 7,937 өрх, ургийн баяр зохион байгуулсан 188, ургийн баяр хийж ном хэвлүүлсэн 177 ахмад байгаа талаар зохион байгуулагчид хэлж байна.