“ҮЛ БҮДГЭРЭХ ИХ ӨВ 2025” ТӨСЛИЙН ЗҮҮН БҮСИЙН СУРГАЛТ, НӨЛӨӨЛЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭХЭЛЛЭЭ

1 долоо хоног
“ҮЛ БҮДГЭРЭХ ИХ ӨВ 2025” ТӨСЛИЙН ЗҮҮН БҮСИЙН СУРГАЛТ, НӨЛӨӨЛЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭХЭЛЛЭЭ
Соёлын өвийг хамгаалах тухай хууль болон Засгийн газрын 2019 оны 68 дугаар тогтоолоор баталсан “Соёлын биет бус өвийг хамгаалах үндэсний хөтөлбөр”, мөн 2019 оны 200 дугаар тогтоолоор батлагдсан “Хүүхэд, залуучуудад эх оронч үзэл төлөвшүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг орон нутагт хэрэгжүүлэх зорилгоор “Үл бүдгэрэх их өв” төслийг 2018 оноос эхлэн найм дахь жилдээ амжилттай хэрэгжүүлж байна.
Төслийн зүүн бүсийн сургалт, нөлөөллийн үйл ажиллагаа энэ сарын 6–7-ны өдрүүдэд аймгийн Хөгжимт драмын театрт зохион байгуулж байна.
Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат, Соёл урлаг, аялал жуулчлал, залуучуудын газрын дарга Б.Мангалжав нар оролцож, орон нутгийн өв соёлоо хүүхэд, залуучуудад өвлүүлэн уламжлуулах чухал ажил болж байгааг хэллээ.
Тус сургалт, үйл ажиллагаанд Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгийн Соёл урлаг, боловсролын байгууллагын багш, ажилтан, албан хаагчид, уран бүтээлчид, хүүхэд багачууд, ардын авьяастан, өвлөн уламжлагчид, ахмадууд, сонирхогчид зэрэг 183 хүн оролцож байна.
“Үл бүдгэрэх их өв” төслийг уртын дуу, бөх, морь цоллох, ерөөл, магтаал зэрэг үндэсний уламжлалт язгуур аман билгийн төрөл зүйлийг өвлүүлэн уламжлуулах, түүгээр дамжуулан хүүхэд, залуучуудын эх оронч үзэл, соёлын дархлааг бэхжүүлэх зорилгоор хэрэгжүүлж байна.
Дорнод аймагт уг төслийг хэрэгжүүлснээр морь, бөх цоллооч 430, ерөөлч, магтаалч 380, уртын дуучин 1800 орчим хүн тус тус бэлтгэгдэн, соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчдын тоо жилээс жилд өсөн нэмэгдэж байна.