"ДОРНОДЫН БОЛОВСРОЛ-2025” БАЯРЫН ХУРАЛ БОЛЛОО

1 долоо хоног
"ДОРНОДЫН БОЛОВСРОЛ-2025” БАЯРЫН ХУРАЛ БОЛЛОО
Дэлхийн багш нарын 31, Монголын багш нарын 59 дахь өдөр тохиолдуулан баярын хурлын үйл ажиллагааг зохион явууллаа.
Баярын хуралд аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат, Аймгийн ЗДТГ-ын Нийгмийн Бодлогын хэлтсийн дарга Б.Нарангэрэл, аймгийн Боловсролын газрын дарга Ч.Ариунаа, МУИС-ийн Зүүн бүсийн сургуулийн захирал,доктор Б.Мядагмаа болон Монгол Улсын Гавьяат багш Г.Бүдтуяа, Ц.Сарантуяа, Б.Сандагдорж, Р. Жаргалтуяа нар оролцож баяр хүргэн салбартаа манлайлан ажиллаж буй эрдэмтэн багш нарт шагнал гардууллаа.
Манай аймаг орон нутгийнхаа боловсролын хөгжил, хүүхдийн хөгжлийг дэмжих, багш сурган хүмүүжүүлэгчдийн өмнө тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд онцгойлон анхаарч ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар аймаг, орон нутгаас санаачлан боловсролын салбарт нийт 6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт болон төсөл, арга хэмжээг аймгийн Боловсролын газартай хамтран амжилттай хэрэгжүүлж байгаа юм.
Тухайлбал төрийн албан хаагч, багш сурган хүмүүжүүлэгчдийнхээ нийгмийн баталгааг хангах, ур чадварыг дээшлүүлэх бодлогын хүрээнд “Дорнодын багш” болзолт уралдааныг дөрөв дэх жилдээ амжилттай зохион байгуулж 2022 оноос эхлэн нийт 68 багшийг хамруулан, 1.3 тэрбум төгрөгийн шагналын сантайгаар “Шилдэг багш”-ийг шалгаруулж, урамшуулаад байна .
Мөн сумдын мэргэжлийн боловсон хүчний нөөцийг бүрдүүлэх зорилгоор 2019 оноос “Нутгийн ирээдүй” сургалтын төлбөрийн тэтгэлэг олгох төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Өнгөрсөн зургаан жилийн хугацаанд нийт 204 оюутан тус тэтгэлэгт хамрагдсан бөгөөд 2025 оны байдлаар 78 оюутан төгсөж, өөрийн сум, орон нутагтаа мэргэжлээрээ ажиллан боловсон хүчний хангамжийг нэмэгдүүлээд байна.
Сургалтын орчин нөхцөлийг сайжруулах чиглэлээр орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр энэ онд нийт 4.3 тэрбум төгрөгийн хөрөнгө баталж, сургууль, цэцэрлэгийн барилга байгууламжийн засвар үйлчилгээ, тоног төхөөрөмжийн шинэчлэлийн ажлыг гүйцэтгэсэн бол улсын төсвийн хөрөнгө оруулалтаар энэ онд хоёр бага сургуулийн барилга, нэг ерөнхий боловсролын сургууль, нэг цэцэрлэгийн барилгын ажлыг хэрэгжүүлж байна.