Ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, хүйтрэх тул зам даваа хаагдаж болзошгүйг Цаг уур, орчны шинжилгээний газраас иргэд, малчид, тээвэрчдэд онцгойлон анхаарууллаа. Мөн цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагахыг сануулав.
Ингээд энэ сарын 13-17-ыг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв танилцуулж байна. Энэ сарын 13-нд баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг, төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 14-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр цас, 15, 16-нд нутгийн зүүн хэсгээр ялимгүй цас орж, цасан шуурга шуурна. Салхи 13-нд ихэнх нутгаар, 14-16-нд говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
Хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 38-43 градус, өдөртөө 22-27 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 29-34 градус, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байх аж.