Дэлхий нийтийг түгшээж буй шинэ төрлийн коронавирүсийн халдвараас урьдчилан сэргийлж Монгол Улс даяар өндөржүүлсэн бэлэн байдалд, олон арга хэмжээг шат дараалан авч хэрэгжүүлэн ажиллаж байна. Тэр дундаа Эрүүл мэнд, Мэргэжлийн хяналт, Онцгой байдал, Цагдаагийн байгууллагын алба хаагчид цаг наргүй ажилласаар байгаа юм.
Олон мянган хүний амь насыг авч одсон коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлж, нийгмийн эрүүл мэндийн төлөө халуун цэгт ажиллаж байгаа алба хаагч нарт байгууллага хамт олон сайн дурын хандив өргөж байна.
Өнөөдөр аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд Л.Соронзонболд даргатай Улаанбаатар хот дахь Дорнод аймгийн нутгийн зөвлөл, Б.Чимэддорж даргатай аймгийн Биеийн тамир спортын газар, Г.Баярсайхан захиралтай Дорнод Нийтийн аж ахуй ОНӨААТҮГ, Г.Дэлгэрмаа эрхлэгчтэй Хэрлэн сумын 9 дүгээр цэцэрлэгийн хамт олон сэтгэлийн хандиваа аймгийн Онцгой комиссын гишүүдэд гардуулан өглөө
Улаанбаатар хот дахь Дорнод аймгийн Нутгийн Зөвлөлийн удирдах зөвлөлийн гишүүдээ төлөөлөн УЗ-н гишүүн Д.Ган-Очир аймгийн Онцгой комисс болон бүсийн оношлогоо эмчилгээний төвд халдвар хамгааллын зориулалтын өмсгөл-200 ширхэг, N95 амны хаалт-500 ширхэг, ус цэвэршүүлэгч-2 ширхэг, гар ариутгагч төхөөрөмж-1 ширхэг нийт 8 орчим сая төгрөгийн бараа бүтээгдэхүүн хандивлав.
“Дорнод Нийтийн Аж Ахуй” ОНӨААТҮГ-ын хамт олноос аймгийн Онцгой комисст 2.000.000 төгрөгийг хандивлалаа.
Аймгийн Биеийн тамир спортын газрын хамт олон нэг өдрийн цалингаа хандивлаж, байгууллагын албан хаагчид хүн хүчээр дэмжлэг үзүүлэн ажиллахад бэлэн гэдгээ илэрхийллээ.
Хэрлэн сумын 9 дүгээр цэцэрлэгийн хамт олноос 944.000 төгрөгийн хандив тусламжийг үзүүлсэн. Аймгийн Засаг дарга бөгөөд аймгийн Онцгой комиссын дарга М.Бадамсүрэн: Нийт хандив дэмжлэг үзүүлсэн байгууллага хамт олонд талархсанаа илэрхийлж, эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж, бүх нийтээр энэхүү өвчнөөс урьдчилан сэргийлэхэд иргэд дор бүрнээ үүргээ ухамсарлахыг уриаллаа.