Аймгийн Татварын хэлтэс болон ЕБС-ийн 2005 оны төгсөгчид хандиваа гардууллаа

4 жил
Аймгийн Татварын хэлтэс болон ЕБС-ийн 2005 оны төгсөгчид хандиваа гардууллаа

Дэлхий нийтийг түгшээж буй шинэ төрлийн коронавирүсийн халдвараас урьдчилан сэргийлж Монгол Улс даяар өндөржүүлсэн бэлэн байдалд, олон арга хэмжээг шат дараалан авч хэрэгжүүлэн ажиллаж байна. 

Олон мянган хүний амь насыг авч одсон коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлж, нийгмийн эрүүл мэндийн төлөө халуун цэгт ажиллаж байгаа алба хаагч нарт байгууллага хамт олон сайн дурын хандив өргөж байна.

Өнөөдөр 2020 оны 03-р сарын 04-ны өдөр С.Бямбарагчаа даргатай Дорнод аймгийн Татварын хэлтэс албан хаагчдынхаа нэг өдрийн цалин болох 1.689.000 мянган төгрөг, Дорнод аймгийн Ерөнхий боловсролын сургуулийг 2005 оны төгсөгчид халдваргүйтгэлийн хувцас-15 ширхэг, нэг удаагийн амны хаалт-65 ширхэг, 7 хоног хэрэглэх зориулалттай амны хаалт-100 ширхэг, гурван төрлийн гар ариутгагч зэрэг 1 сая гаруй төгрөгийн хандив тусламжийг аймгийн Онцгой комисст гардуулан өглөө.

Аймгийн Засаг дарга бөгөөд аймгийн Онцгой комиссын дарга М.Бадамсүрэн хэлсэн үгэндээ “Ард иргэд, аж ахуй нэгжүүд, төрийн байгууллагууд  хүмүүнлэгийн тусламж үзүүлж байгаад  чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлье. Та бүхний тусламжийг Монгол улсын засгийн газрын тогтоол шийдвэрийн дагуу Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллага дээр бүртгэн авч, тодорхой хяналтын дор Онцгой комиссын шийдвэрийн дагуу нэн хэрэгцээ шаардлагатай газарт өгч үр ашигтай зарцуулна. Хэрхэн зохион байгуулсан талаарх тайлангаа аймгийн Онцгой комиссоос эргэн тайлагнах болно. Сайн санааны үзүүрт шар тос гэдэг та бүхний өргөсөн энэхүү хандив тусламж нийт Дорнод нутгийн ард иргэдийн сайн сайхны төлөө зарцуулагдана” гэв.