Зорилтот бүлгийн 1000 эмэгтэйг элэгний В вирусээс сэргийлэх дархлаажуулалтад хамруулна

4 жил
Зорилтот бүлгийн 1000 эмэгтэйг элэгний В вирусээс сэргийлэх дархлаажуулалтад хамруулна

Аймгийн Засаг даргын санаачлагаар 2019 онд эхээс нярайд дамжих халдвараас урьдчилан сэргийлэх “Элэгний В вирусын халдваргүй нярай” төслийг аймгийн ОНХС-ийн 9 сая төгрөгийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлэн, 100 орчим В вирусын халдвартай эхээс төрсөн нярайд “ХЕПАБИГ В гепатитын иммунглобулин G ”-ыг тарьж халдвар дамжихаас урьдчилан сэргийлж чадсан юм.

Энэхүү төслийн 2 дахь шат болох “Эхчүүдээ хайрлая” хөтөлбөр эхэллээ. Тус хөтөлбөрийн хүрээнд 31-40 насны 1000 эмэгтэйг В вирусээс урьдчилан сэргийлэх дархлаажуулалт хамруулах юм. Хөтөлбөрийг өрх, сумын эрүүл мэндийн төвийг түшиглэн зохион байгуулж, 3 удаагийн тунг үнэ төлбөргүй хийх юм.

Дорнод аймагт жилд дунджаар 2000 гаруй эх амарждаг ба үүний 10-13 % нь буюу 250 орчим нь В вирусийн халдвартай байх магадлалтай ба хүүхэд эхээсээ В вирусийн халдвар авч төрж байна. Төрөх үедээ В вирусийн халдвар авбал 90%-д нь 10-20 жилийн дараа буюу идэр залуу насанд нь элэгний архаг үрэвсэл, хатуурал, хорт хавдар үүсэх эрсдэлтэй юм. Мөн В вирусийн халдвартай эмэгтэй жирэмсэлж хүүхдийг тээх, төрөх үйл явц хүндэрч ноцтой хүндрэлүүд нэмэгдсэн тул В вирусийн халдваргүй нь тогтоогдсон бол эмэгтэйчүүдийг нөхөн дархлаажуулах зайлшгүй шаардлагатай гарсан юм.