Чойбалсан хотод хийгдэж буй хойд 5,5 км урт, 4 эгнээ бүхий явган хүний зам, дугуйн зам бүхий бүтээн байгуулалтын ажил энэ онд хийгдэж дуусна. Ажил гүйцэтгэж буй “Арц суварга” ХХК-тай аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн холбогдох албаны хүмүүсийн хамт газар дээр нь уулзаж ажил гүйцэтгэхэд тулгарч буй зарим асуудлыг шийдвэрлэв.
Тус замын зураг төсөвт нийт 3 хурд сааруулагч, 44ш гарц хийхээр төлөвлөсөн боловч одоогийн нөхцөл байдалтай уялдуулж 10 гаруй гарц нэмэгдэх, зарим аж ахуй нэгжийн газрын асуудал, уулзвар, эргэлтийг дахин тооцох шаардлага тулгараад байгаа аж. Энэхүү асуудлыг аймгийн Засаг даргын зүгээс газар эзэмшигч нарын эрх ашгийг бодолцон зөвшилцөх, үндсэн замаа зураг төслийнхөө дагуу хийж, нэмэлт ажлуудад одоо байгаа нөхцөл байдалтайгаа уялдуулж жижиг өөрчлөлт хийж болно гэж зөвлөлөө.
Өнгөрөгч онд тус замын 3 км авто замын суурь хучилтын хийгдсэн өнөөдрийн байдлаар хашлагын /бродюр/ ажил хийгдэж байгаа юм. Дараагаар нь 3 см-ийн өнгөн асфальт, болон үлдсэн зүүн чиглэлийн 2 км замын ажлыг 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр гэхэд дуусгаж, 11 дүгээр сар гэхэд явган хүний зам, дугуйн зам, тэмдэг тэмдэглэгээ орц гарцыг хийж дуусган бүрэн хүлээлгэж өгөхөөр төлөвлөн ажиллаж байгаа тухай “Арц суварга” ХХК-ийн геодези инженер Б.Баттулга хэллээ.