Дорнод аймгийн хэмжээнд хаврын хуурайшилтын зэрэг бүх сумдад аюултай төвшинд байгаа бөгөөд он гарсаар 10 сумын нутагт 13 удаагийн ой хээрийн түймэр гараад байгаа юм.
Өнөөдөр аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн Бүсийн төв Онцгой байдлын газрын “Шуурхай удирдлагын, зарлан мэдээлэх төв” сансрын хиймэл дагуулын мэдээллийн зураглалаар ой хээрийн түймэрт хэрхэн хяналт тавих, урьдчилан сэргийлэх зохион байгуулалтын ажлын явцтай газар дээр нь танилцлаа.
Бүсийн төв Онцгой байдлын газар 2017 оноос Сансрын хиймэл дагуулын мэдээллийн зураглалаар Ой хээрийн түймрийн халуун цэгийн мэдээллийг 24 цагаар хянаж, шуурхай мэдээлэн ажиллаж байна.
Өнөөдрийн байдлаар Дорнод аймгийн нутаг дэвсгэрт ой, хээрийн түймэргүй байгаа бөгөөд БНХАУ, ОХУ-д ой хээрийн түймэр их гарч байгаа тул манай аймагт түймрийн утаа алсаас орж ирээд байгаа тухай мэдээллээ. Тодруулбал ОХУ-ын Өвөрбайгалийн хязгаар, Амур муж, Хабаровскийн хязгаар, Приморскийн хязгаар, мөн Хянганы нуруунаас цааш үргэлжлээд БНХАУ-ын зүүн хойд мужуудад ихээхэн талбай хамарсан ой хээрийн түймэртэй байна.