Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн суралцагчдад элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэх давтлагыг тавдугаар сарын 11-нээс эхлэн танхимаар олгож эхэлсэн билээ. Энэ дагуу анги танхимын ариутгал халдваргүйтгэлийг мэргэжлийн байгууллагаар хийлгэж, эрүүл мэндийн байгууллагаас гаргасан зөвлөмжийн дагуу танхимын сургалтыг амжилттай зохион байгуулж байна.
Энэ жил Дорнод аймагт ЕБС-ийн 12 дугаар ангийг 775 суралцагч төгсөж байна. Үүнээс 676 сурагчид их дээд сургуульд элсэн суралцах ЭЕШ-д орохоор бүртгүүлсэн бөгөөд өмнөх оны 122 төгсөгч ЭЕШ өгөхөөр бүртгүүлжээ. Нийт 798 шалгуулагчид элсэлтийн ерөнхий шалгалт өгнө.
Энэ жилийн ЭЕШ Улсын онцгой комиссын шийдвэрээр 2020 оны 07 дугаар сарын 02-04-ны өдрүүдэд Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр сургууль, 5 дугаар сургуулийн нийт 47 ангид шалгалт авахаар төлөвлөжээ. Эрүүл ахуй, халдваргүйтлийн дэглэм сахиж, нэг ангид 12-оос дээшгүй суралцагч шалгалт өгөхөөр бэлтгэл хангаж байна.
Дорнод аймгийн тухайд 12 дугаар ангийн суралцагчдадаа ЭЕШ-д бэлтгэхэд туслах зорилгоор 2020 оны 03 дугаар сарын 01-нээс "Дорнод ЭЕШ-2020" онлайн сургалтыг зохион байгуулсан ба БСШУСЯ-ны шийдвэрээр теле хичээл тасралтгүй явагдсан мөн ЭЕШ-ын давтлага хичээл 2020 оны 05 сарын 11-нээс 06 сарын 11-ныг дуустал танхимаар улс даяар зохион байгуулагдаж байна.