Анх удаа орон сууц худалдан авсан, их, дээд сургуулийн сургалтын төлбөр төлсөн иргэд хуульд заасан эрхийнхээ дагуу улсад төлсөн татварынхаа тодорхой хувийг буцаан авдаг.
Дорнод аймагт 2019 оны хүн амын орлогын албан татварын буцаан олголтыг нийт 1056 иргэн 574,3 сая төгрөгийг авахаар материалаа бүрдүүлж өгснөөс одоогоор 707 иргэнд 411,7 сая төгрөгийг буцаан олгоод байна.
Татварын шинэчилсэн хуулиар 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш орон сууц худалдан авсан иргэн 6 сая хүртэлх төгрөгийн эдлэлт авах боломжтой. Гэхдээ 6 сая хүртэлх төгрөгийн буцаан олголтыг 2021 онд олгоно гэдгийг анхаарах хэрэгтэй. Одоогийн татварын буцаан олголт нь 2019 оны буцаан олголт юм.
Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгад:
23 дугаар зүйл.Албан татварын хөнгөлөлт
23.4.Монгол Улсын иргэн өөрийн албан татвар ногдсон орлого болон банк, санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хөрөнгөөр амьдран суух зориулалтаар зөвхөн хувьдаа, анх удаа орон сууцны барилга барьсан, эсхүл орон сууц худалдан авсан бол ийнхүү орон сууцны барилга барьсан, эсхүл орон сууц худалдан авахад зарцуулсан хөрөнгөтэй тэнцэх хэмжээний орлогод ногдох албан татварын хөнгөлөлтийг уг албан татвар төлөгчид эдлүүлэх бөгөөд энэ хөнгөлөлтийн хэмжээ 6 сая төгрөг хүртэл байна.
23.5.Монгол Улсын иргэн албан татвар төлөгчийн төрсөн, дагавар, үрчилж авсан хүүхэд болон асран хамгаалагчаар тогтоогдсон асрамж, дэмжлэгт байгаа хүүхэд гадаад, дотоодын их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн болон техникийн боловсролын сургуульд оюутан, эсхүл суралцагчаар элсэн суралцаж байгаа тохиолдолд түүний анхны бакалаврын болон дипломын мэргэжил эзэмших сургалтын хугацаанд тухайн татварын жилд төлсөн, баримтаар нотлогдож байгаа сургалтын төлбөртэй тэнцэх орлогод ногдох албан татварын хөнгөлөлтийг эдлүүлнэ.
23.6.Монгол Улсын иргэн суралцаж байх хугацаандаа хөдөлмөр эрхлэлтийн орлогоосоо албан татвар төлж, улмаар сургалтын төлбөр төлсөн их, дээд, мэргэжлийн болон техникийн боловсролын сургууль, коллежид анхлан суралцагчийг энэ хуулийн 23.5-д заасан хөнгөлөлтөд хамруулна.