Элсэлтийн ерөнхий шалгалт Монгол улсын хэмжээнд 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс 2020 оны 07 дугаар сарын 05-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Их, дээд сургуульд элсэгчдээс авдаг Элсэлтийн ерөнхий шалгалт Улсын хэмжээнд 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 10:00 цагт Монгол улсын түүхийн шалгалтаар эхэллээ.
Энэ жил Дорнод аймагт ЕБС-ийн 18 сургуулийн 35 бүлгийн 775 суралцагч төгсөж байгаа ба 87,2 хувь буюу 676 суралцагч, өнгөрсөн жил төгссөн 122 суралцагч нийт 798 суралцагч элсэлтийн ерөнхий шалгалтыг 5 дугаар сургуулийн 22 анги, 1 дүгээр сургуулийн 25 ангид зэрэг өгч байна.
Шалгалтыг УОК, ЭМЯ, Мэргэжлийн хяналтын байгууллагуудаас гаргасан халдвар хамгааллын дэглэмийг сахих заавар, зөвлөмж, өгч буй чиглэл, шаардлагын дагуу шалгуулагчдыг шалгалтын байранд оруулахдаа бөөгнөрөл үүсгэхгүй байх зорилгоор шалгалтын байрны шалган нэвтрэх 3 хэсгээр оруулж, гадна болон дотор хүн хоорондын зайг 1,5-2 метрээс доошгүй байхаар зохион байгуулж байна.
“Шалган нэвтрэх хэсэг”-т шалгуулагчдын халууныг хэмжих, амны хаалт зүүсэн эсэхийг шалгах, гарын ариутгал хийх, 1 удаагийн бээлий өгөх, бичиг баримт шалгах, тулгах, зөвлөн туслах үйл ажиллагаа явагдана.