Өнөөдөр /2020.07.20/ Цагдаагийн байгууллагын 99 жил, Дотоодын цэргийн 98 жил, Цэргийн гавьяаны одонт Дорнод аймгийн Цагдаагийн газрын 85 жилийн түүхт ой буюу Цагдаа, Дотоодын цэргийн алба хаагчдын баярын өдөр тохиож байна.
1921 онд Ардын хувьсгал ялж, Ардын засгийн газрын шийдвэрээр “Сэргийлэх цэргийн салаа” нэртэйгээр анх тулгын чулуугаа тулсан бөгөөд Монголын орчин цагийн цагдаагийн байгууллага үүсэн байгуулагдсан цагаасаа хойш улс орны хөгжлийн бүхий л үе шатуудад хөгжин, бэхжиж ирсэн Монгол төрийн ууган байгууллагын нэг билээ.
Баярын өдрийг тохиолдуулан хууль сахиулах салбарт эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл үр бүтээлтэй ажилласан алба хаагч, ажилтнуудыг Дорнод аймгийн Засаг даргын захирамжаар “Аймгийн тэргүүний ажилтан” тэмдэг, Аймгийн Засаг даргын жуух бичгээр, Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар “Цагдаагийн гавьяа” тэмдэг, “Дотоодын цэргийн алдар тэмдэг”, Цагдаагийн хүндэт жуух бичиг, “Албаны төлөө 1,2,3 медалиар тус тус шагнасныг аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл, аймгийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Т.Ганзориг гардуулсан юм.
Мөн гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах ажилд идэвх зүтгэл үр бүтээл гаргаж ажилласан алба хаагчдад Цагдаагийн газрын даргын тушаалаар Хугацааны цол олгож, шилдэг ажилчдыг шагналаа.
Цэргийн гавьяаны одонт Дорнод аймгийн Цагдаагийн газрын хамт олон ард иргэдийнхээ амар амгалан, аюулгүй байдлыг сахин хамгаалж, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах хариуцлагатай үүргээ нэр төртэй биелүүлж 2019 он болон 2020 оны хагас жилийн ажил, үйлсээрээ цагдаагийн байгууллагын хэмжээнд улсдаа тэргүүлсэн байна.