Бүгд Найрамдах Турк улсын Ерөнхий сайдын дэргэдэх “ТИКА” Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын санхүүжилтээр Дорнод аймгийн Хөлөнбуйр суманд “Эхийн амрах байр” баригдсанаар гуравдахь сум бие даасан байртай болж байна.
Өнөөдөр /2020.07.20/ “ТИКА” Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын Улаанбаатар дахь Хөтөлбөр зохицуулалтын газрын дарга Эмрах Устаөмэр ахлуулсан төлөөлөгчид болон аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл Хөлөнбуйр суманд ажиллаж Эхийн амрах байрны барилгын ажлын явцтай танилцлаа.
Хөлөнбуйр сум нь Хэнтий, Сүхбаатар аймгуудтай хил залгаа, аймгийн төвийг Улаанбаатар хоттой холбосон автомашины төв зам дагуу байрладаг аймгийн баруун захын сум юм. Нийт өрхийн 66.8 хувь нь малчин өрхтэй, нөхөн үржихүйн насны нийт 700 орчим эмэгтэйчүүдтэй ба жилд 40-50 эмэгтэй амарждаг ч 1-2 хүн нь зайлшгүй тохиолдлоор сумандаа төрж, үлдсэн нь аймгийн төвийг зорьдог байна. Иймээс “Эхийн амрах байр”-ны шаардлага зайлшгүй тулгараад байсан юм.
Аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл “Энэхүү байр ашиглалтад орсноор жирэмсний эхэн үед эх, ургийн эрүүл мэндэд тулгарч буй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эсэн мэнд амаржуулах, төрсний дараах үеийн тусламж үйлчилгээ, асаргаа сувилгаа чанартай үзүүлэх, цаашлаад дээд шатлалын эмнэлэгийн ачааллыг бууруулах зэрэгт чухал ач холбогдолтой хөрөнгө оруулалт болж байна” гэж онцоллоо.
Мөн Аймгийн Засаг дарга М.Бадамсүрэнгийн тавьсан саналын дагуу ТИКА олон улсын хамтын ажиллагааны байгууллага Эхийн амрах байранд шаардлагатай тоног төхөөрөмжийг нийлүүлэхээр болов.