Улсын төсвийн 1,7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Хан-Уул цогцолбор сургуулийн шинэ дотуур байрны барилгын ажил эхэллээ. Дотуур байрны барилгын шав тавих ёслол /2020.08.21/ намрын эхэн сарын шинийн хоёр, балжиннямтай энэ өдөр болж аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн оролцлоо.
Хан-Уул цогцолбор сургуулийн дотуур байр нь 1978 онд баригдсан бөгөөд МХГ-ын дүгнэлтээр өнгөрсөн жилээс барилгыг нь дахин ашиглах боломжгүй болоод байсан юм. Тус сургуульд 7 сумын 300 орчим хүүхэд сурах хүсэлтээ ирүүлдэг ч дотуур байрны багтаамжаас шалтгаалан зайлшгүй шаардлагатай 150 хүүхдийг хүлээн авдаг тухай тус сургуулийн захирал Г.Бүдтуяа дурдаж байлаа. Ийнхүү сурагчид сүүлийн үеийн стандартыг хангасан 3 давхар шинэ дотуур байртай болж байна.
Барилгын ажлыг Аглут ХХК гүйцэтгэж, 2021 оны 6 дугаар сард ашиглалтад орно.