2020-2021 оны хичээлийн шинэ жил эхэллээ. Халдварт цар тахлын өвчлөлөөс урьдчилан сэргийлэх хүрээнд хичээлийн шинэ жилийн нээлтийг энэ удаа уламжлал ёсоор хийхгүйгээр, өглөөний 08:00 цагаас сурагчид шинэчилсэн дүрэм, журмын дагуу хичээлээ эхлүүлж байна.
Аймгийн Засаг дарга бөгөөд аймгийн Хүүхдийн төлөө зөвлөлийн дарга М.Бадамсүрэн болон Боловсрол, Соёл урлагийн газрын дарга А.Нансалмаа нар “Эрдмийн баярын мэндчилгээ”-г цахимаар хүргэсэн юм.
Энэ хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролын 36 цэцэрлэгт 7138 хүүхэд, ерөнхий боловсролын 27 сургуульд 17785 суралцагч суралцана. Аймгийн төвийн сургуулиуд 3 өдөр танхим, 2 өдөр цахимаар хичээллэх бол сумдын сургуулиуд 5 өдөр танхимаар хичээллэнэ. 1 дүгээр ангид 1992 хүүхэд элсэж 100 хувь хамрагдаад байна. Дорнод аймгийн Боловсролын салбар энэ хичээлийн жилд “Мэдээллийн технологийг-боловсролд”зорилтыг дэвшүүллээ.