Буйр нуурт мөс цөмөрч живсэн 2 тээврийн хэрэгслийг татан гаргаж авлаа

2 хоног
Буйр нуурт мөс цөмөрч живсэн 2 тээврийн хэрэгслийг татан гаргаж авлаа
Энэ оны 1 дүгээр сард Халхгол сумын Буйрын нуурт 7 хоногийн зайтай 2 тээврийн хэрэгсэл нуурын мөсөнд цөмөрч живсэнийг, аймгийн Онцгой комиссоос өгсөн чиглэлийн дагуу эрэн хайх, татан авах ажиллагааг мэргэжлийн байгууллагууд зохион байгууллаа.
 
2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Буйр нуурт зорчиж байсан иргэн Г-ын эзэмшлийн суудлын автомашин, 01 дүгээр сарын 31-ны өдөр иргэн Ү-ийн Нюндай Либеро маркийн автомашин цасан шуурганд төөрч, мөс цөмрөн живсэн байна. Жолооч, зорчигч нар нь автомашинаасаа амжиж гарсан учраас золоор хүний амь нас эрсдээгүй. Нуурын усыг бохирдохоос сэргийлж эрэн хайх, татан гаргах ажиллагааг шуурхай зохион байгуулах талаар аймгийн Онцгой комиссоос өгсөн чиглэлийн дагуу аймгийн Онцгой байдлын газрын хошууч Ц.Отгонхүү захирагчтай Эрэн хайх, аврах анги, дэд хурандаа М.Сүхсайхан захирагчтай Халхгол сумын Онцгой байдлын ангийн хамтарсан 11 хүний бүрэлдэхүүнтэй баг амжилттай ажиллаж тус 2 автомашиныг татан гаргалаа. Мөн нутгийн иргэд, автомашин эзэмшигчид дэмжин ажилласан байна. Онцгой байдлын шумбагч нуурын 8-9 метрийн гүнд, байгаль цаг агаарын хүндрэлтэй нөхцөлд 3 удаа нийт 35 минутын хугацаанд шумбалт хийж эрэн хайж, автомашиныг оосорлосон гарган авчээ.
 
Аймгийн Онцгой комиссоос өгсөн чиглэлийн дагуу татан гаргах үйл ажиллагаатай холбоотой зарим зардлыг дээрх 2 автомашиныг эзэмшигчээс гаргуулсан байна. Цаашид 1. Гол, нуурын мөсөн дээгүүр зорчихгүй байхыг иргэдэд сэрэмжлүүлэх ажлыг тогтмол хийх,
 
2. Нуур, голын мөсөн дээр шөнийн цацруулагчтай сэрэмжлүүлэх тэмдэг, тэмдэглэгээг хийж байршуулах,
3. Сэрэмжүүлгийг сахин биелүүлээгүй иргэд, хуулийн этгээдэд хариуцлага тооцож ажиллахыг холбогдох байгууллага, албан тушаалтан, сумдын Засаг дарга нарт аймгийн Засаг дарга, Онцгой комиссын орлогч дарга М.Бадамсүрэн даалгалаа.
 
Цаг агаар дулаарч байгаа энэ үед ихэнх гол мөрөн, нуурын мөсний зузаан харилцан адилгүй байгаа тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг мэргэжлийн байгууллагууд анхааруулж байна.

Нээлттэй ажлын байр
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар