"Газар хөдлөлтийн аюул" иргэдэд зориулсан гарын авлагыг мэргэжлийн анги, албадад хүлээлгэн өглөө

3 жил
"Газар хөдлөлтийн аюул" иргэдэд зориулсан гарын авлагыг мэргэжлийн анги, албадад хүлээлгэн өглөө

Сүүлийн жилүүдэд манай аймагт бүртгэгдэж буй газар хөдлөлтийн тоо, давтамж жил бүр өсөж байна. Өнөөдөр Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, иргэдийн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн санаачлан “Газар хөдлөлтийн аюул” сэдэвт иргэдэд зориулсан гарын авлагыг гамшгаас хамгаалах үйл ажиллагааны зардлаас санхүүжилтийг шийдвэрлэж хэвлүүлсэн юм. Тус гарын авлагыг газар хөдлөлтөөс урьдчилан сэргийлэх анги, албадад гардуулан өгөх арга хэмжээ өнөөдөр боллоо.

Газар хөдлөлтөөс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах чиглэлээр аймгийн Засаг орлогч Ч.Ганбатаар ахлуулсан "Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөл"-ийг байгуулан төлөвлөгөөг гарган ажиллаж байна.
Болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх үүднээс Дорнод аймгийн зүгээс Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын даргад өнгөрсөн оноос эхлэн тус бүс нутагт газар хөдөлсөн тухай мэдээллийг хүргэж, газар хөдлөлтийг судлах, хэмжих суурин станц, тоног төхөөрөмж суурилуулан хянах асуудлыг шийдвэрлэж өгөх хүсэлтийг хүргүүлээд байгаа аж.
Монгол улсын хувьд баруун бүсийг өндөр идэвхжилтэй бүс гэж дүгнэдэг. Магнитуд нь 7, 8 хүрсэн газар хөдлөлт нэлээд тохиолдож байсан. Харин зүүн бүсийн аймгууд нь газар хөдлөлийн 5 баллын бүсэд хамаардаг. Гэтэл 2019 он гарснаас хойш, 2020 оноос эхлэн зүүн бүсэд газар хөдлөлтийн идэвхжил нэмэгдсэн байна.
2020 оноос хойш хүнд мэдрэгдэм газар хөдлөлт 30 удаа тохиолдсон, хамгийн сүүлд Халхгол сумын Ташгай багийн “Ёнгор” гэдэг газар 2-р сарын 14-ний 04:09 цагт 4 магнитудын хүчтэй газар хөдөлсөн нь 2021 он гарснаас хойш хамгийн хүчтэй газар хөдлөлт нь болсон гэж Одон орон геофизикийн хүрээлэнгээс мэдээлсэн юм.