2021.03.11/-ний өдөр аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл, аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Нийгмийн бодлого, төсөл хөтөлбөрийн бодлогын хорооны дарга Ш.Ганганмөрөн, аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Э.Эрдэнэбилэг болон холбогдох мэргэжилтнүүд аймгийн Музейд ажиллалаа.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар аймгийн музейн шинэ барилга баригдаж байгаа бөгөөд “Сүхжин” ХХК барилга угсралтын ажлыг 60 хувьтай гүйцэтгэж байна.
Аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл, аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн зүгээс музейн удирдлага болон ажилтнуудад тухайн салбарт баримтлах аймгийн бодлого, хөтөлбөрүүдийн талаар дараах үүрэг чиглэлийг өглөө.
Үүнд: Музейн сан хөмрөгийг баяжуулах, үзмэрийг сэргээн засварлах, шинэчлэх, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, хүүхэд, залуучуудыг соён гэгээрүүлэх, музейн үзүүллэгийн танхим болон бусад хөтөлбөрөөр дамжуулан иргэдэд соёлын үйлчилгээг хүргэх, соёл урлаг, олон нийтийн арга хэмжээнд идэвхтэй оролцож, музейн явуулын үйлчилгээг нэвтрүүлэх, аялал жуулчлалын салбартай уялдуулах зэрэг ажлуудыг зохион байгуулах талаар зөвлөмж, чиглэл өглөө.
Мөн шинэ барилгын ажлыг төлөвлөгдсөн хугацаанд дуусгаж, ашиглалтад оруулах тал дээр анхаарч ажиллахыг гүйцэтгэгч компанид даалгалаа.