Сургууль, цэцэрлэгийн хичээлийн бэлтгэл, үйл ажиллагаатай танилцлаа

3 жил
Сургууль, цэцэрлэгийн хичээлийн бэлтгэл, үйл ажиллагаатай танилцлаа
2021-2022 оны хичээлийн жилд Дорнод аймагт сургуулийн өмнөх боловсролын 35 цэцэрлэгт 248 үндсэн багш, 6979 хүүхэд хүмүүжих бөгөөд 2-3 настай 3411 хүүхэд зайн сургалтаар, 4-5 настай 3917 хүүхэд танхимаар хичээллэнэ.
Ерөнхий боловсролын 26 сургуульд урьдчилсан байдлаар нийт 18258 сурагч үүнээс 11137 сурагч танхимаар, 6729 сурагч зайн сургалтаар, 392 сурагч судалгаанд хамрагдаагүй байна. Бага ангийн 293 бүлэг, дунд ангийн 226 бүлэг, ахлах ангийн 114 бүлэг нийт 633 бүлэг хичээллэх бөгөөд онцгой нөхцөлийн 20+- зохион байгуулалтайгаар 980 бүлгээр хичээллэхээр судалгаа гараад байна.
Аймгийн Засаг даргын зүгээс боловсролын салбарын хэвийн үйл ажиллагааг хангахад анхаарч, сургууль, цэцэрлэгийн багш, ажиллагсдыг 9 дүгээр сарын 1–ний өмнө түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авах, дархлаажуулалтын 3 дахь тун вакцинд хамгийн түрүүнд хамруулах шийдвэрийг гаргасан. Засаг дарга М.Бадамсүрэн цаг үеийн амаргүй нөхцөлд хүүхэд, багш нараа эрсдлээс хамгаалах ажлыг оновчтой зохион байгуулж, халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөн ажиллах нь чухал байгааг онцлоод нийт сургууль, цэцэрлэгийн удирдлага, багш нар, эцэг эхчүүдийг хүүхдийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа нэмэгдүүлэн ирээдүй болсон хүүхэд багачуудаа зөв хандлага төлөвшилтэй, эрүүл Монгол иргэн болгон хүмүүжүүлэхэд манлайлан ажиллахыг уриаллаа.