Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрээр Дорнод аймгийн Матад, Халхгол сумдад газрын тосны олборлолтын үйл ажиллагаа явуулдаг ПетроЧайна Дачин Тамсаг ХХК-ийн удаа дараа хууль зөрчсөн үйл ажиллагаанаас шалтгаалж тус компанийн ерөнхийлөгч Жан Хун Фу-г байгаль орчны эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж хуулийн байгууллагууд хандаад байгаа юм.
ПетроЧайна Дачин Тамсаг ХХК нь газрын тосны олборлолтын үйл ажиллагааг эрхлэх, үргэлжлүүлэх үндсэн баримт бичиг болох байгаль орчны менежментийн төлөвлөгөө, ус ашиглуулах гэрээ болон эрх бүхий байгууллага албан тушаалтны зөвшөөрөлгүйгээр Усны тухай хуулийг зөрчиж, Тосон Уул-19 талбайд 1262670м3, Тамсаг-21 дүгээр талбайд 797407 м3 усыг тус тус зөвшөөрөлгүй ашигласан,
Байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд тусгагдсан байгаль орчинд үзүүлж буй сөрөг нөлөөллийг бууруулах нөхөн сэргээлтийн арга хэмжээг авч хэрэгжүүлэлгүй газрын тосны тээвэрлэлтийн үйл ажиллагааг ердийн хөрсөн замаар хийж, Монгол Улсын MNS 6278:2011 стандарт бусад хууль тогтоомжийг зөрчин тус бүс нутагт 8-20 салаа бүхий 80 гаруй метр өргөнтэй 58.5 км урттай өргөн зам үүсгэж, 4.680.000м2 талбайд хөрсний доройтол, эвдрэлийг үүсгэн ан амьтан, ургамлын төрөл зүйлийг санаатайгаар гэмтээж устгасан, газар, газрын хэвлий, агаар мандал, усны нөөцийг хордуулах хэлбэрээр экологийн тогтолцоог алдагдуулсан зэрэг зөрчлүүд тогтоогдоод байна.
Дорнод аймгийн Засаг даргын зүгээс 2017 онд газрын тосны тээвэрлэлтийн үйл ажиллагааг зогсоосон бөгөөд Дорнод аймгийн Засаг дарга, Ашигт малтмал газрын тосны газар, ПетроЧайна Дачин Тамсаг ХХК гурван талт хэлэлцээрийн ширээний ард суусан.
Харамсалтай нь хэлэлцээр байгуулаад 3 жил өнгөрсөн ч нөхцөл байдал сайжрахгүй байна. Дээрх хугацаанд ПетроЧайна Дачин Тамсаг ХХК-ийг хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулахыг орон нутгийн зүгээс шаардаж эрх хэмжээний хүрээнд бүх арга хэмжээг авч ажиллаж байгаа хэдий ч, аймгийн Засаг даргын эрх мэдлээс давсан асуудал болоод байгаа учир Монгол улсын Засгийн газрыг төлөөлж тус компанитай хэлэлцээр байгуулсан Ашигт малтмал газрын тосны газар ажлаа хийж, тус компанийн үйл ажиллагаанд хяналт тавьж, хатуу шаардлага тавьж, хариуцлага тооцож ажиллах хэрэгтэй гэлээ.