Монгол улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй 3 жилийн хугацаатай судалгааны ажлын хүрээнд Үндэсний хөгжлийн газраас аймгийн ЗДТГ-тай хамтран бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. “Бүсчилсэн хөгжлийн бодлого” боловсруулах ажлын хүрээнд 21 аймагт зохион байгуулагдах ээлжит зөвлөлдөх уулзалт 2019 оны 08 дугаар сарын 01-ны өдөр Дорнод аймагт эхэллээ.
Уг зөвлөгөөнд Үндэсний хөгжлийн газар, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, Жайка төслийн багийн бүсчилсэн хөгжлийн төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн Яманэ Харуо , аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Л.Хишигтогтох, аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат, аймгийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагууд, сумдын Засаг дарга нар болон төрийн бус байгууллагын төлөөллүүд, сургууль цэцэрлэгийн төлөөлөл, аймгийн орон нутгийн өмчийн газрын төлөөлөл, аймгуудын төлөөлөл, иргэд, төлөөлөл гэх мэт нийт 200 гаруй хүн зөвлөлдөх уулзалтад оролцож байна.
Хэлэлцүүлгийн хүрээнд Үндэсний хөгжлийн газраас “Бүсчилсэн хөгжлийн бодлого” боловсруулах арга зүй, Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл, Үндэсний хөгжлийн цогц төлөвлөгөө боловсруулах төсөл ба аймгуудын хөгжлийн асуудал, мөн орон нутгийн хөгжлийн бодлого, төлөвлөлтийн талаар илтгэл, хэлэлцүүлэг хийж байна. Илтгэлийн дараагаар нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлж, оролцож буй нийт төлөөлөгч нар, аймгийн удирдлага, төрийн албан хаагчдын санал, санаачилга, мэдээллийг сонсох юм.