“Би сувилагч” төсөлт уралдааны 3 дугаар шатанд 12 сувилагч шалгарлаа

2 жил
“Би сувилагч” төсөлт уралдааны 3 дугаар шатанд 12 сувилагч шалгарлаа
Төсөлт уралдааны 2 дугаар шат болох онол, ур чадварын шалгалтад орж тэнцсэн 12 сувилагч ГУРАВДУГААР шатны уралдаанд оролцох авсан. 12 сувилагч нь “Олон нийтэд чиглэсэн үйл ажиллагаа, арга хэмжээ” бүхий гуравдугаар шатанд 2022 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 08 дугаар сарын 10-ны хугацаанд оролцоно.
 
Шалгаруулалтын туршид цуглуулсан оноо, эцсийн шатны тусгай даалгаврын гүйцэтгэлд өгөх шүүгчдийн үнэлгээ, олон нийтийн санал асуулгын дүнгээр шилдэг 3 сувилагчийг шалгаруулна.
 
ШАЛГУУР:
1. Оролцогчид нь эмнэлгийн болон сувилахуйн тусламж, үйлчилгээг сайжруулах, чанар хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа болон нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр эрүүл амьдралын хэв маяг, зан үйлийг хэвшүүлж төлөвшүүлэх, нийтийн эрүүл мэндийн боловсролыг нэмэгдүүлэх, эх, нярай, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг зорилтот бүлгийн иргэдэд чиглэсэн гэрийн сувилахуйн тусламж үйлчилгээ болон хүмүүнлэгийн олон талт ажлаар нийтэд чиглэсэн үйл ажиллагааг орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим сүлжээгээр сурталчлан таниулах ажлыг зохион байгуулна.
 
2. Олон нийтэд чиглэсэн үйл ажиллагааны талаар 5 минутын бичлэг, PPT танилцуулга бэлтгэн өөрийн хэрэгжүүлсэн ажлыг танилцуулна.
 
3. Үйл ажиллагаанд оролцсон 12 сувилагчийн хэрэгжүүлсэн ажлаар иргэд, олон нийтэд нээлттэй танилцуулж, 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдөр шалгаруулна.
 
ШҮҮГЧДИЙН БҮРЭЛДЭХҮҮН:
Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн Сувилахуйн сургууль, “Монголын Сувилагчийн Нийгэмлэг”, аймгийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн газар, ахмад сувилагчдын төлөөллөөс бүрдсэн 5-7 хүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд шалгуур бүрт шүүгчдийн бүрэлдэхүүн өөрчлөгдөнө.
 
ШАГНАЛ УРАМШУУЛАЛ:
Уралдааны үе шатуудад цуглуулсан оноогоор хамгийн өндөр оноо авсан 3 сувилагчийг орон сууц худалдан авахад нь дэмжлэг үзүүлж тус бүр 20.0 сая төгрөгөөр шагнаж урамшуулна. Шагналын мөнгөн дэмжлэгийг орон сууц худалдан авах гэрээг үндэслэн олгоно.
ХҮЛЭЭГДЭЖ БУЙ ҮР ДҮН:
-Сувилагчийн бие даасан байдал, мэргэжлийн үнэ цэнэ дээшилнэ.
- Мэргэжлийн тасралтгүй хөгжилд сувилагчийн манлайлал хөгжсөн байна.
- Сувилагчийн нийгмийн асуудлыг шийдвэрлэнэ.