2019 онд Хэрлэн сумын 9, 15, 16, 19, 31, 32, 38, 49а, 49б, 51, 52 нийт арван нэгэн орон сууцны дээврийн засварын ажлыг орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэх юм. Уг засварын ажлын талаар Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга Д.Дамдинбазар болон мэргэжилтэн Р.Оюунжаргал нар мэдээлэл хийлээ. Одоогийн байдлаар 5 орон сууцны засварын ажил бүрэн дуусч хүлээн авсан бөгөөд бусад барилгын дээврийн засварын ажлууд зарим нэг шалтгааны улмаас хүлээгдээд байгаа юм.
Газрын харицаа, барилга хот байгуулалтын газар нь өнөөдрийн байдлаар 15,31,32,51,52-р байшингийн дээврийн засварын ажил бүрэн дууссаныг хүлээн авсан байна. Мөн 49а, 49б байшингийн хувьд засварын ажил 99% гүйцэтгэлтэй хэдий ч ашиглалтад авах боломжгүй гэж үзжээ. 9, 16, 19-р байшингийн засварын ажил явагдаж байгаа бол 38-р байшингийн дээврийн засварын ажил дууссан гэж байгаа ч ажлын явцад буруу технологи хэрэглэж шаардлагын түвшинд ажиллаж чадаагүй тул ажлын гүйцэтгэлийг хүлээж аваагүй байна.
ГХБХБ-ын газраас Засварын ажлын гүйцэтгэлийг цаг хугацаанд нь чанартай хийж дуусгахыг гүйцэтгэгч компаниудад шаардлага хүргүүлэн ажиллаж байна.