“Байгаль эх-Хариуцлагатай уул уурхай” үндэсний хэлэлцүүлэг өнөөдөр /2019.09.26/ Дорнод аймгийн Чойбалсан хотноо болж байна. 21 аймгаар өртөөлөх энэхүү хэлэлцүүлгийг хариуцлагатай уул уурхайн төлөө, байгаль эхээ хамгаалах чиглэлээр ажилладаг "Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга", “Босоо хөх Монгол”, “Эрс шинэчлэл хөдөлгөөн” ТББ-ууд хамтран зохион байгуулж байгаа юм.
Хэлэлцүүлгийн эхэнд Дорнод аймгийн ИТХ-ын дарга Л.Хишигтогтох үндэсний хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа иргэний нийгмийн байгууллагууд болон хүрэлцэн ирсэн иргэддээ талархал илэрхийлээд, Дорнод аймаг дахь уул уурхайн салбарын өнөөгийн байдлын талаарх цогц мэдээлэл өгсөн юм.
Дорнод аймгийн ИТХ-ын дарга Л.Хишигтогтох “Дорнод аймгийн ИТХ нь хариуцлагатай уул уурхайн хүрээнд бодлогын чанартай олон ажил зохион байгуулж ирлээ. ИТХ-ын 2016 оны 103 дугаар тогтоолоор Дорнод аймагт газрын тос, уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын аж ахуйн нэгжүүд өрөмдлөг, цооног зэрэг ажлынхаа 50-иас доошгүй хувийг дотоодын 100 хувийн хөрөнгө оруулалттай компаниар гүйцэтгүүлэх шийдвэр, 83 дугаар тогтоолоор Матад суманд газрын тосны үйл ажиллагаа явуулж буй “Перо Чайна Дачин Тамсаг” компанийн маршрутын бус тээвэрлэлтийг зогсоох тухай, 2018.04.01-нээс эхлэн уул уурхайд газрын доорх ус ашиглахаар шинээр эрэл хайгуул хийх, цооног өрөмдөх зөвшөөрөл олгохыг хориглох шийдвэр гарган хэрэгжүүлж ажиллаж байна.
Аймгийн ИТХ нь 2016 онд бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлснээс хойш аймгийн хэмжээнд ашигт малтмалын хайгуулын лицензийг цөөлөх бодлого баримталж ирсний үр дүнд 2017-2019 онд Ашигт малтмал, газрын тосны газраас 13 суманд 246 талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөлд санал авахаар хүсэлт ирүүлснийг аймгийн хурлын тэргүүлэгчид хэлэлцээд 244 талбайд татгалзсан хариу өгсөн. Статистикийн мэдээллээс харахад Дорнод аймаг нь зүүн бүсийн аймгуудтай харьцуулахад ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрлөөр хамгийн цөөн мөн нутаг дэвсгэртэй нь харьцуулахад ашигт малтмалын талбайн хувь нь хамгийн бага байна.
Хэдийгээр бусад аймгаас бага байгаа нь сайшаалтай хэдий ч хариуцлагагүй, байгаль экологид хортой үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн байгууллага ганц байлаа ч ганцдахгүй. Цаашид бид энэ байгууллагуудыг нэмэгдүүлэхгүй байх чиглэлээр анхаарч ажиллана. Нэр бүхий таван аж ахуйн нэгж АИТХ-ын шийдвэрийг үндэслэлгүй татгалзсан, хууль бус тогтоол гэж үзэн шүүхийн байгууллагад хандсан боловч АИТХ-ын шийдвэрийг шүүх хэвээр үлдээсэн байдаг” хэмээн мэдээлэл өглөө.