Өнөөдөр /2023.08.28/ аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн "Нутгийн ирээдүй” төсөлд 14 сумаас шалгарсан 23 оюутан болон Сумын Засаг дарга нартай сургалтын төлбөрийн 100 хувийн хөнгөлөлт эдлэх гурвалсан гэрээг байгууллаа.
Аймгийн Засаг даргын нэрэмжит энэхүү төслийг аймаг, сумын хөгжлийн бодлого, төлөвлөлттэй уялдуулан, сумдаас ирүүлсэн саналаар дутагдалтай боловсон хүчний нөөцийг бэлтгэх зорилгоор 2019 оноос эхлэн ил тодоор хэрэгжүүлж байгаа юм. 2022 оны байдлаар 126 хүүхэд хамрагдсанаас 35 оюутан төгсөж, сум орон нутагтаа тогтвортой ажиллаж байна.
Энэ онд тэтгэлэгт авч буй 23 оюутан:
Хүний их эмч-4
Сувилагч-3
Нүүр ам судлал-1
Зүү төөнө заслын их эмч-1
Багш-2
Малын их эмч-1
Газар зохион байгуулалт-2
Авто замын инженерчлэл-1
Усан хангамж, ус цэвэрлэгээ-1
Гоедезийн инженер-1
Сэтгэл судлаач-2
Соёлын өв, музей судлал-1 тус тус мэргэжлийн хүрээнд суралцана.
Мөн хөдөө орон нутагт ажиллаж буй мэргэжлийн боловсон хүчин, төрийн албан хаагчид тогтвор суурьшилтай ажиллахад тулгардаг гол асуудал болох амьдрах орон сууцны асуудлыг шийдвэрлэх зорилгоор 2019 онд Чойбалсан, Булган сумдад, 2020 онд Матад суманд тус тус 4 айлын орон сууц бариад байна.
Үргэлжлүүлэн энэ онд аймгийн орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар Гурванзагал суманд 8 айлын, Чулуунхороот суманд 6 айлын орон сууцны барилга барих ажлыг хэрэгжүүлж байна.