Дорнод аймгийн статистикийн хэлтэс байшин, орон сууцны тооллогын дүнгийн хурлаа хийлээ

5 жил
Дорнод аймгийн статистикийн хэлтэс байшин, орон сууцны тооллогын дүнгийн хурлаа хийлээ

Байшин, орон сууцны 2019 оны тооллого нь 1960 онд хийгдсэн орон сууцны фондын тооллогоос хойш анх удаа зохион байгуулагдаж байгаа тооллого юм. Монгол улсын хэмжээнд 2019 оны 6 дугаар сараас баруун аймгаас эхлэн гэр, байшин, орон сууцны тооллого нь бүсчлэн явагдсан. Дорнод аймгийн хувьд 73 тоологчийн бүрэлдэхүүнтэй баг, 68 таблэт, 5 ухаалаг утасны программ ашиглан 2019 оны 10 дугаар сарын 30-аас 11 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэлх хугацаанд байшин, орон сууцны тооллого хийж дуусжээ.

Бусад аймгийн хувьд 20-25 хоногийн хугацаанд тус тооллого хийгдсэн бол Дорнод аймгийн хувьд хоёр долоо хоногийн хугацаанд шуурхай ажиллаж өнөөдөр аймгийн Статистикийн хэлтсийн дарга Д.Энхбаатар мэдээллийн сангаа хүлээн авч дүнгийн хурлаа хийлээ.

Хуралдаанд аймгийн Засаг даргын орлогч, аймгийн хүн ам, орон сууцны тооллогын түр товчооны дарга Ч.Ганбат оролцож тооллого хийх хугацаанд тоологч нарт тулгамдсан асуудал, хүндрэлтэй зүйлсийг сонссон бөгөөд тэдгээр асуудлуудыг аймгийн Засаг дарга болон Засаг даргын зөвлөлийн хурал, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хуралд танилцуулж тодорхой арга хэмжээ авч ажиллахаа илэрхийллээ.