Байгаль хамгаалалтын захиргаанаас "Байгалийн нөөц газруудад мөрдөх Хамгаалалтын горим"-ын төсөлд санал авч байна

3 жил
Байгаль хамгаалалтын захиргаанаас "Байгалийн нөөц газруудад мөрдөх Хамгаалалтын горим"-ын төсөлд санал авч байна

 

БАЙГАЛИЙН НӨӨЦ ГАЗРУУДЫН

ХАМГААЛАЛТЫН ГОРИМ

НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

            1 дүгээр зүйл. Горим тогтоох зорилго

  • Энэхүү горимын зорилго нь байгалийн нөөц газруудын унаган төрх, хэв шинж, ховор ховордсон ургамал, амьтан болон цагаан зээр, нүүдлийн шувууд тэдгээрийн нөхөн үржих нөхцөлийг бүрдүүлэх, ус намгархаг газруудыг хамгаалах, газар ашиглалт, бэлчээрийг зохистой ашиглахтай холбоотой харилцааг зохицуулахад оршино.

            2 дугаар зүйл. Хууль тогтоомж

            2.1. Байгалийн нөөц газрын хамгаалалт, газар ашиглалт, бэлчээрийг зохистой ашиглах үйл ажиллагаанд Монгол Улсын Үндсэн хууль, Байгаль орчныг хамгаалах тухай, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай, Газрын тухай, Газрын хэвлийн тухай хууль, Захиргааны ерөнхий хууль болон холбогдох бусад хууль, захиргааны хэм хэмжээний акт болон энэхүү горимыг дагаж мөрдөнө.

     3 дугаар зүйл. Хамрах хүрээ

            3.1. Энэхүү горим Дорнод аймгийн хэмжээнд орших Тосон Хулстай, Хөх нуур, Баяндун уул, Мэнэнгийн цагаан хоолой, Ташгай таван нуур, Жаран тогооны тал “А”, Жаран тогооны тал “Б”, Угтам, Яхь нуур, Халхын таван уулын байгалийн нөөц газруудад хамаарна.

3.2. Байгалийн нөөц газарт явуулах үйл ажиллагаа нь уг байгалийн нөөц газрын хамгаалалтын горимыг чандлан сахиж, байгаль орчны тэнцвэрийг хадгалахад чиглэгдэнэ.

            4 дүгээр зүйл. Журмын нэр томьёоны тодорхойлолт

4.1. Энэхүү горимд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурьдсан утгаар ойлгоно:

                        4.1.1. “яам” гэж тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагыг;

                        4.1.2. “аймаг” гэж Дорнод аймгийг;

                        4.1.3. “тухайн сум” гэж байгалийн нөөц газрын хэсэг нутаг дэвсгэрт нь  оршдог сумыг;

                        4.1.4. “хамгаалалтын захиргаа” гэж Дорнод аймгийн орон нутгийн тусгай хамгаалалттай газруудыг хариуцсан Байгаль хамгаалалтын захиргаа ОНӨААТҮГ-ыг;

4.1.5. “хамтын менежментий зөвлөл” гэж тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Дорнод, Хэнтий аймгийн Засаг дарга нар, холбогдох талууд хамтран байгуулсан зөвлөлийг.

ХОЁР. ГАЗАР АШИГЛАХ, МАЛ АЖ АХУЙ ЭРХЛЭХ

5 дугаар зүйл. Газар ашиглах

5.1. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу байгалийн нөөц газруудад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сумын Засаг даргын саналыг үндэслэн Төрийн захиргааны төв байгууллага гаргана.

5.2. Байгалийн нөөц газарт тодорхой зориулалтаар ашиглаж болох газар, түүний хэмжээ, уг газарт байлгаж болох малын төрөл, тоог тогтоох ажлыг Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлд заасан харилцаагаар зохицуулна.

5.3. Энэ журмын 5.2-т заасан саналыг байгалийн нөөц газруудын болон ус намгархаг газруудын хэв шинж, байгалийн унаган төрх, ургамал, амьтны байршил, өсөлт, үржилт, бэлчээрийн даац, энэ журмыг хүчин төгөлдөр дагаж мөрдөх хүртэл уламжлалт аж ахуй эрхлэх хүрээнд байгаа малын тоо зэрэгтэй уялдуулсан хамтын менежментийн зөвлөлийн саналд үндэслэн боловсруулна.

6 дугаар зүйл. Газар ашиглах хүсэлт гаргах

6.1. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.8 дахь хэсэгт заасны дагуу газар ашиглах тухай хүсэлтээ Засаг даргад гаргана.

6.2. Сумын Засаг дарга газар ашиглах тухай иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлт болон түүний талаарх саналаа  Төрийн захиргааны төв байгууллагад уламжилж, шийдвэрлүүлнэ.

7 дугаар зүйл. Газар ашиглах тухай гэрээ

            7.1. Сумын Засаг дарга Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн З6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар ашиглах тухай гэрээг байгуулна.

            7.2. Газар ашиглах тухай гэрээнд Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаас гадна дараах зүйлийг тусгана:

                       7.2.1. тухайн газрын унаган төрхийг хадгалах, хамгаалах, нөхөн сэргээх талаар авах арга хэмжээ, түүнд зарцуулах хөрөнгө;

                       7.2.2. газрын төлбөрийн хэмжээ, төлөх хугацаа;

                       7.2.3. газрыг ашиглах, хамгаалах талаарх талуудын эрх, үүрэг, хариуцлага;

                       7.2.4. гэрээ дуусгавар болсон тохиолдолд газрыг эргүүлж авах нөхцөл, журам, уг газрыг нөхөн сэргээх, засаж тохижуулах, хүлээлгэн өгөх журам;

                        7.2.5. газар ашиглах тодорхой зориулалт буюу энэ журмын 8 дугаар зүйлд заасан уламжлалт аж ахуйн талаар тодорхой тусгах.

7.3. Газар ашиглагч Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан эрх, үүрэгтэй байна.

8 дугаар зүйл. Уламжлалт аж ахуй эрхлэх

            8.1. Байгалийн нөөц газруудад Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу уламжлалт аж ахуй эрхэлж болно.

            8.2. Уламжлалт мал аж ахуй эрхлэхэд шаардагдах хашаа, хороо, саравч барих  газрыг сумын Засаг дарга тогтооно.

            8.3. Хөрсний нөхөн сэргээлт, ойн арчилгаа цэвэрлэгээг мод ургамал ургаж цэцэглэх, ан амьтан нөхөн үржих үеэс бусад хугацаанд хийхээс гадна ан амьтны байршил, байгальд сөрөг нөлөөгүй арга, технологи, багаж, техник хэрэгслийг ашиглах, тухайн газар нутагт ургадаг ургамал, модны үр, тарьц хэрэглэнэ.

            8.4. Аж ахуйн нэгж, байгууллага, иргэн зөвхөн тогтоож өгсөн газарт зөвшөөрсөн үйл ажиллагаа явуулж, өөрийн нутаглаж, ашиглаж байгаа  газрыг  эвдрэл, бохирдлоос хамгаалж, талхлагдсан хөрс, ургамлыг нөхөн сэргээнэ.

8.5. Байгалийн нөөц газруудын нуур, булаг шандын орчимд нэг километрийн тойрог дотор мал бэлчээхгүй бөгөөд зөвшөөрөгдсөн бэлчээрийг талхагдал үүсгэхгүй улирлын хуваарьтай ашиглана.

8.6. Хамгаалалтын менежмент хариуцагч буюу Байгаль хамгаалалтын захиргаа нь тухайн сумдын Засаг дарга, хязгаарлалтын бүсэд уламжлалт аргаар мал аж ахуй эрхлэх иргэн, нөхөрлөлтэй бэлчээр ашиглах гурвалсан гэрээ байгуулна.

  • Байгаль цаг агаар хүндэрсэн, байгалийн гамшиг тохиолдсон үед тухайн сумын малчдыг орон нутгийн эрх бүхий удирдлага, Хамгаалалтын захиргаатай зөвшилцөн 6 хүртэлх сарын хугацаагаар гэрээ байгуулан бэлчээр ашиглуулах ажлыг зохион байгуулна.

8.11.   Нөөц газарт хадлан бэлтгэхэд дараах горимыг мөрдөнө:

            8.11.1. Нутгийн иргэд хадлангийн тогтоосон талбайгаас байгаль орчинд сөрөг нөлөөгүйгээр зөвхөн ахуйн зориулалтаар хадлан хадахыг зөвшөөрнө.

  • . Хамгаалалтын захиргаа, тухайн сумын Засаг даргын хамтарсан шийдвэр гараагүй нөхцөлд бусад иргэн, аж ахуйн нэгж, байгууллага ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар хадлан хадахыг хориглоно.

ГУРАВ. ГАЗАР АШИГЛАХ ЭРХ БОЛОН ГЭРЭЭ ДУУСГАВАР

БОЛОХ, ГАЗРЫГ ЧӨЛӨӨЛӨХ

            9 дүгээр зүйл. Газар ашиглах эрх, гэрээ дуусгавар болох

9.1. Байгалийн нөөц газарт газар ашиглах эрх дараах тохиолдолд дуусгавар болно:

                        9.1.1. Газрын тухай хуулийн З9 дүгээр зүйлд заасан үндэслэлээр;

                        9.1.2. Тухайн тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын горимыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн;

            9.1.3. Байгалийн нөөц газруудад мал маллаж буй малчин хууль бусаар ан агнах, анчдыг орогнуулах;

9.1.4. Бэлчээрийг зохисгүй ашиглаж талхалсан, доройтуулсан нь тогтоогдсон;

9.1.5. Гадны тавиул мал оруулж бэлчээрийн даац хэтрүүлсэн.

            9.2. Газар ашиглах эрх дуусгавар болоход иргэн, аж ахуйн нэгж, байгууллага ашиглаж байсан газраа чөлөөлж, газар ашиглах гэрээнд өөрөөр заагаагүй бол 9О хоногийн дотор тухайн тухайн сумын Засаг даргад хүлээлгэн өгнө.

            9.3. Холбогдох хууль, энэ журмыг зөрчсөн болон байгаль орчинд сөрөг нөлөө бүхий аливаа зөрчил илэрвэл байгаль хамгаалагч гэрээг цуцлах саналыг тухайн сумын Засаг даргад гаргаж болно.

10 дугаар зүйл. Хориглох зүйл

10.1. Байгалийн нөөц газарт дараах үйл ажиллагааг хориглоно:

            10.1.1. Байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй барилга байгууламж барих, үйлдвэрлэлийн зориулалтаар газар ухах, тэсэлгээ хийх, ашигт малтмал хайх, олборлох, ан амьтан агнах, барих, мод, зэгс, шагшуурга бэлтгэх зэргээр байгалийн унаган төрхийг өөрчлөх, голын усыг бохирдуулах аливаа үйл ажиллагаа явуулах;

10.1.2. Ан амьтан, шувуу үүрлэж, өндөглөдөг хадат толгойд 3-5 километрээс ойр зайд айл бууж, нутаглахыг;

10.1.3. Худалдаа, үйлчилгээ эрхлэх;

10.1.4. Хууль, захиргааны хэм хэмжээний актад заасан зөвшөөрөлгүйгээр инженерийн хийцтэй худаг, уст цэгийг шинээр байгуулах;

10.1.5. Байгалийн нөөц газарт хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрт зааснаас бусад тохиолдолд хадлан хадахыг;

10.1.6. Зэгс шагшуурга бүхий нууруудын усны шувууд, нэн ховор, ховор  шувуудын өндөглөж зусдаг газраас 2 километрийн тойрог дотор мал бэлчээхийг;

10.1.7. Байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй зам гаргах, барих, олон давтамжтайгаар зорчихыг.

10.1.8. Нөөц газрын хамгаалалтын бүсэд бэлчээр ашиглахыг хориглоно.

10.1.9. Нөөц газарт Хамгаалалтын захиргааны зөвшөөрөлгүйгээр малын хашаа, хороо барих, бэлчээрийн талбайг хаших, бүх төрлийн худаг шинээр гаргахыг хориглоно.

10.1.10. Нөөц газарт шинээр оршин суугчид ирж нутаглах, мал бэлчээх, оторлохыг хориглоно.

11 дүгээр зүйл. Бусад

11.1. Хамгаалалтын захиргаа нь мэдээллийн төв, албан болон албан бус боловсролын тогтолцооны хүрээнд болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр экологийн боловсрол, байгаль орчныг хамгаалах уламжлалт арга ухаан, зан заншил, хууль тогтоомжийг сурталчилан таниулна.

11.2. Байгалийн нөөц газрын хэв шинж, ургамал, ан амьтны байршил, хориглосон үйл ажиллагаа зэрэгтэй уялдуулан холбогдох газруудад зохих стандартын дагуу мэдээллийн самбар байрлуулна.

11.3. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасан мэдээллийн самбарыг Хамгаалалтын захиргаа хариуцаж байршуулна.  

11.4. Байгалийн нөөц газруудад судалгаа, шинжилгээний эрхлэхдээ Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийг баримтлана.

11.5. Энэхүү журмын хэрэгжилтэд аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, Хамгаалалтын захиргаа, бүх шатны Засаг дарга, Байгаль хамгаалагч нар хяналт тавина.

11.6. Журмыг зөрчсөн этгээдэд холбогдох хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.         

---оОо---

Хууль эрх зүйн үндэслэл

Монгол улсын Үндсэн хууль

Зургадугаар зүйл.

1.Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна.

2.Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн.

3.Бэлчээр, нийтийн эдэлбэрийн ба улсын тусгай хэрэгцээнийхээс бусад газрыг зөвхөн Монгол Улсын иргэнд өмчлүүлж болно. Энэ нь газрын хэвлийг өмчлөхөд хамаарахгүй. Иргэд хувийн өмчийнхөө газрыг худалдах, арилжих, бэлэглэх, барьцаалах зэргээр гадаадын иргэн, харьяалалгүй хүний өмчлөлд шилжүүлэх, түүнчлэн төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр бусдад эзэмшүүлэх, ашиглуулахыг хориглоно.

Байгаль орчныг хамгаалах тухай хууль

4 дүгээр зүйл.Байгаль орчныг хамгаалах талаархи иргэний эрх, үүрэг

1.Иргэн байгаль орчныг хамгаалах талаар дараахь эрхийг эдэлнэ:

4/холбогдох байгууллагаас байгаль орчны тухай үнэн, зөв мэдээлэл авах;

5/байгалийн нөөц, баялгийн халдашгүй байдлыг хангах, байгаль орчинд хортой нөлөөлөх аливаа үйл ажиллагааг хязгаарлах, таслан зогсоох шийдвэр гаргахыг болон байгаль орчинд хортой нөлөөлж болзошгүй аж ахуйн нэгж, байгууллагыг шинээр байгуулах зөвшөөрөл олгохгүй байхыг холбогдох эрх бүхий байгууллагаас шаардах;

/Энэ заалтад 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

6/сайн дурын үндсэн дээр зохион байгуулалтад орж, энэ хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 8 дахь заалтад заасан нөхөрлөл байгуулах замаар оршин суугаа нутгийнхаа байгалийн тодорхой төрлийн баялгийг хамгаалах, холбогдох хууль тогтоомжийн дагуу гэрээгээр ашиглах, эзэмших.

/Энэ заалтыг 2005 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар нэмсэн/

2.Иргэн байгаль орчныг хамгаалах талаар дараахь үүрэг хүлээнэ:

1/байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомжийг сахин биелүүлэх;

16 дугаар зүйл.Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон Засаг даргын бүрэн эрх

1.Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал байгаль орчныг хамгаалах талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

1/нутаг дэвсгэртээ байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх арга хэмжээ, төсөв баталж, биелэлтэд хяналт тавих;

2/нутаг дэвсгэртээ тухайн жилд ашиглах байгалийн баялгийн нөөцийн дээд хэмжээг энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу тогтоох;

2.Аймаг, нийслэлийн Засаг дарга байгаль орчныг хамгаалах, байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

2/нутаг дэвсгэртээ байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх арга хэмжээ боловсруулж, иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлэх, гарсан шийдвэрийн биелэлтийг зохион байгуулах;

10/байгалийн нөөцийг төрийн нэрийн өмнөөс хамгаалан, халдашгүй байдлыг нь хангах үүргийг тухайн нутаг дэвсгэртээ хариуцах.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль

 21 дүгээр зүйл. Байгалийн нөөц газрын дэглэм

  1. Байгалийн нөөц газарт хамгаалалтад авсан байгалийн хэв шинж, тодорхой баялгийн төрх байдал, ургамал, амьтны аймгийн байршил, өсөлт, үржилтэд сөрөг нөлөөгүйгээр уламжлалт аж ахуй эрхлэж болно.
  2. Байгалийн нөөц газарт түүний байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй барилга байгууламж барих, үйлдвэрлэлийн зориулалтаар газар ухах, тэсэлгээ хийх, ашигт малтмал хайх, олборлох, ан амьтан агнах, барих, мод, зэгс, шагшуурга бэлтгэх зэргээр байгалийн унаган төрхийг өөрчлөх, голын усыг бохирдуулах аливаа үйл ажиллагаа явуулахыг хориглоно.

Газрын тухай хууль

52 дугаар зүйл.Бэлчээр, түүнийг зохистой ашиглах, хамгаалах

52.2.Зуслан, намаржаа болон отрын бэлчээрийг баг, хот айлаар хуваарилж нийтээр ашиглана. Тухайн жилийн бэлчээрийн гарц, иргэдийн саналыг харгалзан өвөлжөө, хаваржааны бэлчээрийг малаас чөлөөлөх, мал оруулах хугацааг сум, дүүргийн Засаг дарга тогтоож, баг, хорооны Засаг дарга, иргэд мөрдөж хэрэгжүүлнэ. Өвөлжөө, хаваржааны тодорхой нутаг бэлчээрийг талхлагдахаас хамгаалах, нөхөн сэргээх зорилгоор тухайн бүс нутгийн онцлог, бэлчээр ашиглаж ирсэн уламжлал, газрын даац, чадавхийг харгалзан, багийн иргэдийн Нийтийн Хурлын саналыг үндэслэн сумын Засаг дарга малчдад болзол, гэрээний дагуу хэсэг бүлгээр ашиглуулж болно.

52.3.Ойн сан бүхий газрыг зохих хууль тогтоомжийн дагуу бэлчээрт ашиглаж болно.

52.4.Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь байгаль орчин, нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлыг харгалзан нутаг дэвсгэртээ бэлчээрийн болон суурин мал маллагааны бүс нутгийг тогтоож болно.

52.7.Өвөлжөө, хаваржааны доорхи газрыг Монгол Улсын иргэн хот айлаар дундаа хамтран эзэмшиж болно.

53 дугаар зүйл.Хадлангийн талбайг зохистой ашиглах, хамгаалах

53.1.Сум, дүүргийн Засаг дарга мэргэжлийн эрх бүхий байгууллагатай хамтран хадлангийн талбайд газар зохион байгуулалтын арга хэмжээ авч, түүний хэрэгжилтийг хангана.

53.2.Сум, дүүргийн Засаг дарга хадлан авах бололцоотой талбайг жил бүр иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад ашиглуулахаар баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын саналыг үндэслэн хуваарилж, түүний хэрэгжилтийг зохион байгуулна.

53.3.Газрын нэгдмэл сангийн ангилалд бүртгэгдсэн хадлангийн талбайд 5 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн хадлан авч дуустал мал бэлчээхийг хориглоно.

53.4.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага сум, дүүргийн Засаг даргатай тохиролцон бэлчээрийн зохих ургацтай хэсгийг хадлангийн талбай болгон ашиглаж болно. Энэ нь газрын нэгдмэл сангийн ангилалд бүртгэгдсэн хадлангийн газарт хамаарахгүй.

Газрын хэвлийн тухай хууль

7 дугаар зүйл.Аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Засаг даргын бүрэн эрх

1.Аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал газрын хэвлийг ашиглах, хамгаалах талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

1/нутаг дэвсгэртээ газрын хэвлийг ашиглах, хамгаалах талаархи төрийн бодлого, газрын хэвлийн тухай хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр болон гаргасан шийдвэрийнхээ биелэлтэд хяналт тавих;

2/энэ хэсгийн 1-д заасан асуудлын талаар аймаг, нийслэлийн Засаг даргын тайлан, мэдээллийг хэлэлцэх.

2.Аймаг, нийслэлийн Засаг дарга газрын хэвлийг ашиглах, хамгаалах талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

1/нутаг дэвсгэртээ газрын хэвлийг ашиглах, хамгаалах талаархи төрийн бодлогыг хэрэгжүүлж, газрын хэвлийн тухай хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр, мөн хуульд заасан эрх хэмжээний дотор аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийн биелэлтийг зохион байгуулж хангах;

Захиргааны ерөнхий хууль

27 дугаар зүйл.Сонсох ажиллагааг явуулах

27.1.Захиргааны шийдвэр гаргах захиргааны байгууллага эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг тодорхойлно.

27.2.Сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд дараах байдлаар хүргүүлнэ:

27.2.1.хорь буюу түүнээс доош тооны этгээдийг сонсохоор бол мэдэгдлийг этгээд тус бүрд шууд хүргүүлэх;

27.2.2.хорин нэг буюу түүнээс дээш тооны этгээдийг сонсохоор бол энэ хуулийн 20.1-д заасан төлөөлөгчид шууд хүргүүлэх, эсхүл тухайн орон нутагт хүргэх боломжтой хэвлэл мэдээллийн хэрэгсэл, шуудан болон тэдгээрт урьдчилан мэдэгдэх бусад арга хэрэгслийг ашиглан хүргүүлэх.

27.3.Сонсох ажиллагааны талаарх мэдэгдэлд дараах мэдээллийг тусгана:

27.3.1.сонсох ажиллагааг явуулах журам, ажиллагаа явуулах он, сар, өдөр, цаг, байрлал, дарааллын талаарх мэдээлэл;

27.3.2.захиргааны шийдвэр гаргах эрх олгогдсон хууль, захиргааны хэм хэмжээний актын зүйл, заалт;

27.3.3.захиргааны шийдвэр гаргах тухайн асуудлын талаарх мэдээлэл, үндэслэл.

27.4.Сонсох ажиллагааг дараах арга хэлбэрээр явуулна:

27.4.1.сонсгол зохион байгуулах;

27.4.2.саналыг бичгээр авах;

27.4.3.биечлэн уулзах;

27.4.4.утсаар санал авах;

27.4.5.цахим хэлбэрээр санал авах;

27.4.6.төлөөлөгчөөр дамжуулан санал авах;

27.4.7.бусад.

27.5.Сонсох ажиллагаа явуулах хугацаа оролцогчийн тайлбар, санал гаргах боломжийг хангасан байна.

27.6.Сонсох ажиллагааны явц, үр дүнгийн талаар тэмдэглэл хөтөлж, гарсан саналыг захиргааны шийдвэрт хэрхэн тусгасан талаар мэдээлэл бэлтгэж баримтжуулна.

27.7.Сонсох ажиллагааны үед гарсан саналыг захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд заавал тусгах үүрэг хүлээхгүй боловч тусгаагүй шалтгааныг тайлбарлах үүрэгтэй.

62 дугаар зүйл.Захиргааны хэм хэмжээний актын төсөлд санал авах

62.1.Захиргааны хэм хэмжээний актын төслийг тухайн захиргааны байгууллагын цахим хуудас болон мэдээллийн самбарт 30-аас доошгүй хоногийн хугацаанд байрлуулж санал авна.

62.2.Нийтийн ашиг сонирхол, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөх тохиолдолд захиргааны хэм хэмжээний актын төсөлд нийтийн санаа бодлыг тусгах зорилгоор хэлэлцүүлэг зохион байгуулж, оролцох боломжоор хангах бөгөөд эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх бүлгийн хүрээнд хэлэлцүүлэг заавал хийнэ.

62.3.Энэ хуулийн 62.2-т зааснаас гадна дараах хүрээнд хэлэлцүүлэг хийж болно:

62.3.1.эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх бүлгийн хүрээнд;

62.3.2.эрдэмтэн, судлаач, шинжээч зэрэг мэргэшсэн хүрээнд;

62.3.3.тодорхой нутаг дэвсгэрийн хүрээнд;

62.3.4.тухайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагын хүрээнд.

62.4.Хэлэлцүүлгийг дараах хэлбэрээр зохион байгуулж болно:

62.4.1.уулзалт, ярилцлага;

62.4.2.өдөр тутмын сонин хэвлэлд төслийг нийтэлж санал авах;

62.4.3.цахим хуудас, харилцаа холбооны хэрэгслээр санал авах;

62.4.4.бусад.

62.5.Хэлэлцүүлгийн явц, үр дүнгийн талаар тэмдэглэл хөтөлж, гарсан саналыг захиргааны хэм хэмжээний актын төсөлд хэрхэн тусгасан талаар мэдээлэл бэлтгэнэ.

62.6.Захиргааны байгууллага захиргааны хэм хэмжээний актын төслийг нөлөөллийн шинжилгээний танилцуулга болон хэлэлцүүлгийн мэдээллийн хамт өөрийн байгууллагын хууль зүйн асуудал хариуцсан нэгж /газар, хэлтэс/, мэргэжилтнээр хянуулна.

 

Сумдын нэрс

  1. Баяндун сум- Угтам, Баяндун уулын БНГ-ууд
  2. Гурванзагал, Сэргэлэн, Чойбалсан сум- Яхь нуурын БНГ
  3. Чойбалсан сум- Хөх нуурын БНГ
  4. Баянтүмэн сум – Халхын таван уул
  5. Баянтүмэн сум, Цагаан-Овоо сум- Тосон хулстайн БНГ
  6. Матад сум- Жаран тогооны “А”, “Б” талууд, Мэнэнгийн цагаан хоолойн БНГ
  7. Халхгол сум- Ташгай таван нуурын БНГ