Дорнод аймгийн Иргэний нийгмийн байгууллагуудын хамтарсан баг орон нутагт хэрэгжиж буй Жендэрийн эрх тэгш байдлыг хангах дэд хөтөлбөрийн хэрэгжилтэд оролцооны хяналт-шинжилгээ үнэлгээ хийж, түүний үр дүнд тулгуурлан бодлогын зөвлөмж боловсруулснаа өнөөдөр иргэд, олон нийтэд танилцууллаа. Жендэр болон Жендэрийн эрх тэгш байдлын талаар иргэдийн мэдлэг ойлголт дээшилж, орон нутгийн Иргэний нийгмийн байгууллагуудын төртэй бүтээлчээр хамтран ажиллах, хяналт тавих оролцооны түвшин нэмэгдэж, Оролцооны хяналт, үнэлгээ шинжилгээний аргачлалаар үнэлгээ хийх чадварт суралцсан чухал ач холбогдолтой үйл ажиллагаа боллоо гэдгийг төслийг хэрэгжүүлэгч талууд онцолж байна.
Дорнод аймгийн Жендэрийн эрх тэгш байдлыг хангах дэд хөтөлбөр 2018 онд батлагдаж, эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн гэр бүл, нийгэм, соёл, эдийн засгийн харилцаан дахь тэгш оролцоог хангах, хөгжлийн үр шимээс тэгш хүртэх боломжийг хангах чиглэлд гурван зорилтын хүрээнд 15 үйл ажиллагаанаас 12 үйл ажиллагаа амжилттай хэрэгжиж, 80,0 хувийн гүйцэтгэлтэй хэрэгжүүлсэн дүн хөндлөнгийн үнэлгээгээр гарчээ.
Дээрх хөтөлбөрийн зорилт 3.1.1-ын хүрээнд жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх сургалтыг жил бүр зохион байгуулж, нийт 98 сургагч багш бэлтгэж, 3250 сурагч, 3226 хүн жендэрийн эрх тэгш байдлын талаарх мэдлэг ойлголттой болсон байна. Мөн Хүүхэд, залуучуудын нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловсролыг дэмжих зорилготой “Аз жаргал” төвийг аймаг, орон нутгийн төсвөөр шинээр байгуулж, 2017-2018 онд өсвөр насны 4500 гаруй хүүхэд, 2019-2020 онд 6320 хүүхдэд үйлчилгээ үзүүлж, аймгийн өсвөр насны нийт хүүхдийн 55,4 хувьд нь хүрч ажиллажээ.
Мөн Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газраас Канадын Мерит төсөлтэй хамтран ахисан түвшний сургалтуудыг зохион байгуулж, 28 бичил төсөл бичиж зөвлөх багтай хамтран ажилласан бөгөөд төрийн байгууллагууд дотоод журамдаа ажлын байрны дарамт, ялгаварлан гадуурхалтаас ангид байх заалтыг тусган мөрдөж ажиллаж байгаа зэрэг үр дүнтэй ажлууд хийгдсэн байна.
Харин хэрэгжилт төдийлөн хангалтгүй хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн ажил олгогч, ажиллагсдын жендэрийн талаарх ойлголт, мэдлэг болон жендэрийн мэдрэмжтэй төлөвлөлт, ажлын байрны нөхцөл байдлыг сайжруулах талаар Иргэний нийгмийн байгууллагуудын хамтарсан баг үнэлгээ өгч дараахь зөвлөмжийг хүргүүлээд байна. Үүнд: Хувийн хэвшлийн байгууллагын удирдах ажилтан болон ажиллагсдад жендэрийн асуудлаар сургалт, мэдээллийн ажиллагаа зохион байгуулах, байгууллагын дотоод журам, бодлогын бичиг баримтуудыг жендэрийн агуулгатай болгох, жендэрийн аудитыг хийж эхлэх, байгууллагын жендэрийн тулгамдсан асуудлаар үнэлгээ, судалгааны ажлыг хийх зэрэг асуудлыг тусган хүргүүллээ.
Түүнчлэн эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн нийгмийн үйлчилгээг тэгш, хүртээмжтэйгээр хүртэх боломжийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд “Эрэгтэйчүүдэд үзүүлж буй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж”-ийг сайжруулах чиглэлд: Эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн онцлог асуудлаар судалгаа хийх, эрэгтэйчүүдэд үзүүлэх нийгмийн эрүүл мэндийн тусламж, сэтгэл засалын зөвлөгөө өгөх болон андрологийн тусламж үзүүлэх эмч мэргэжилтнийг Бүсийн оношилгоо, эмчилгээний төв болон сум, өрхийн эрүүл мэндийн төвийн түвшинд бэлтгэх, чадавхжуулах, төрийн болон Иргэний нийгмийн байгууллагуудын хамтарсан ажлын хэсэг байгуулан ажиллах зэрэг бусад зөвлөмжүүдийг боловсруулжээ.
Жендэрийн эрх тэгш байдлыг хангах дэд хөтөлбөрийн удирдлага, зохион байгуулалт, хяналт-шинжилгээ үнэлгээний ажлын хэрэгжилтийг сайжруулах талаар зөвлөмжинд:
Дээрх үйл ажиллагаа нь Жендэрийн үндэсний хороо, Азийн Хөгжлийн Банктай хамтран Ядуурлыг бууруулах Японы сангийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй “Иргэний нийгмийн оролцоотойгоор жендэрийн тэгш байдлыг хангах нь” техникийн туслалцааны төслийн хүрээнд Ховд, Булган, Өмнөговь, Дорнод, Баянхонгор зэрэг таван аймагт хэрэгжсэн. Уг таван аймгийн 27 Иргэний нийгмийн байгууллагууд тэтгэлэгт хөтөлбөрт шалгарч, өнгөрсөн оны 10 дугаар сараас эхлэн Орон нутгийн Жендэрийн дэд хөтөлбөрийн хэрэгжилтэд оролцооны хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, түүний үр дүнд тулгуурлан бодлогын зөвлөмж боловсруулах, олон нийтийн жендэрийн талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, хэвшмэл ойлголт, хандлагыг өөрчлөх зорилготой “Хүндлэлд хүйс хамааралгүй” олон нийтийн мэдээлэл харилцааны аянг орон нутгийн хэмжээнд зохион байгуулж, үр дүнгээ ийнхүү танилцууллаа.
Жендэрийн Үндэсний Хорооны дэмжлэгээр хэрэгжиж буй “Иргэний нийгмийн байгууллагын оролцоотойгоор жендэрийн тэгш байдлыг хангах нь” техникийн туслалцааны төслийн хүрээнд зохион байгуулсан зөвлөлдөх уулзалт, хэлэлцүүлгийн ажиллагаанд оролцогчид болон төслийн багийн гишүүдээс гаргасан санал санаачлагад үндэслэн боловсруулсан “Эрэгтэйчүүдийн эрүүл мэндийг хамгаалах хөтөлбөр”-ийг аймгийн удирдлагын зүгээс дэмжиж, 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурлаар баталж, шийдвэрлэсэн байна.