ЦЭЦЭГ ӨРГӨХ ЁСЛОЛ БОЛЛОО

1 долоо хоног
ЦЭЦЭГ ӨРГӨХ ЁСЛОЛ БОЛЛОО
Монголын төр, цэргийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын хошой баатар, өрлөг жанжин Маршал Хорлоогийн Чойбалсангийн мэндэлсний 130 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Их Хурлын гишүүн гишүүд, аймгийн Засаг дарга Ш.Ёл, Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллага, Чойбалсан цэргийн хүрээний удирдлагууд БНМАУ-ын Баатар, Маршал Хорлоогийн Чойбалсангийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэв.
Мөн энэ үеэр Чойбалсан цэргийн хүрээний ёслолын жагсаал боллоо.
✅АЙМГИЙН БАТЛАН ХАМГААЛАХ ГАЗРЫН ДАРГА, ЗАСАГ ДАРГА Ш.ЁЛ:
Улс, эх орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын төлөө халуун амь, бүлээн цусаа үл хайрлан баатарлаг гавьяа байгуулсан үе үеийн удирдагчид, эрэлхэг баатруудаа бид мартах учиргүй.
Эдгээр түүхэн удирдагчийн нэг бол Монгол Улсын төр, цэргийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын хошой баатар, өрлөг жанжин маршал Хорлоогийн Чойбалсан юм.
Ардын хувьсгалын анхны долоогийн нэг Хорлоогийн Чойбалсан 1895 оны хоёрдугаар сарын 8-нд Сэцэн хан аймгийн Ачит вангийн хошуу, одоогийн Дорнод аймгийн Чойбалсан сумын “Хэрлэн-Цагаан талбай” гэдэг газарт малчин эмэгтэй Хорлоогийн гуравдугаар хүү болон мэндэлсэн нь Дорнод нутгаас Монгол Улсын тусгаар тогтнолын төлөө үе үеийн тэмцэгчид мэндэлж байсны илрэл юм.
Түүний намтар түүх Монголын улсын хамгийн ээдрээтэй, эгзэгтэй цаг үеийн тусгал илэрхийлэл болж байдаг бөгөөд Манай Улсын XX зууны эхэн хагасын түүх бол Маршал Хорлоогийн Чойбалсантай салашгүй холбоотой. Өнөөгийн бие даасан тусгаар тогтносон Монгол улсыг түүнгүйгээр төсөөлөхөд нэн бэрх хэмээн судлаачид тодотгодог.
Маршал Хорлоогийн Чойбалсан БНМАУ-ыг 13 жил удирдах хугацаандаа Монгол улсын эдийн засаг, соёлын түүхэн чухал алхамуудыг эхлүүлсэн байдаг. Тухайлбал Налайхын чулуун нүүрсний уурхай, Төв цахилгаан станцыг тус тус байгуулсан, морин өртөөг халж авто тээврийг хөгжүүлсэн, Наушка-Улаанбаатарын чиглэлд өргөн төмөр зам тавьсан, Монгол уйгаржин бичгийг кирилл үсэгт үндэслэсэн шинэ бичгээр сольж, бичиг үсэг үл мэдэх явдлыг арилгаж, анхны 10 жилийн дунд сургууль, анхны их сургууль болох МУИС-ийг байгуулах зэрэг орчин цагийн Аж үйлдвэр, нийгмийн салбарын суурийг тавьсан түүхэн удирдагч юм.
Тэр дундаа 20 дугаар зууны эхэн үед өрнөсөн түүхэн үйл явдлууд болон 1939 оны эх орноо харийн булаан эзлэгчдээс чөлөөлсөн халх голын дайн, Монгол улсыг тусгаар тогтносон бүрэн эрхт улс болохыг олон улсад хүлээн зөвшөөрүүлсэн зэрэг маршал Хорлоогийн Чойбалсангийн эх орныхоо төлөө гүйцэтгэсэн түүхэн үүрэг, гавьяа замналыг хойч үе бид бахархан дурсах учиртай.
Ийм учир түүний ард түмнийхээ өмнө байгуулсан гавьяаг үнэлж, гэгээн дурсгалыг нь мөнхжүүлэн Дорнод аймгийн төв болон төрж өссөн сумыг нь түүний нэрээр нэрлэж, Чойбалсан хотын төв талбай, Монгол улсын их сургууль, нийслэлийн ерөнхий боловсролын нэгдүгээр сургууль, зэвсэгт хүчин, хилийн цэргийн олон анги салбарыг маршал Хорлоогийн Чойбалсангийн нэрэмжит болгон хөшөө дурсгалыг нь босгосон байдаг.
Хэдийгээр тухайн цаг үеийн алдаа оноотой үйлд явдал бүрийг түүнтэй холбон түүхэнд дурдагддаг боловч Цаг хугацаа хэдий чинээ холдох тусам ард түмнийхээ төлөө бүхий л амьдралаа зориулсан аугаа хүмүүнийг ард түмэн нь дурсан санаж, үеийн үед зүрх сэтгэлдээ түүх шастиртай нь мөнхөлж явдаг юм.
Ийнхүү өнөөдөр буюу өвлийн адаг сарын нарлаг дулаанхан энэ өдөр БНМАУ-ын хошой баатар, өрлөг жанжин маршал Хорлоогийн Чойбалсангийн мэндэлсэн өдөр тохиож байна.
Монгол улсын түүхэнд гүйцэтгэсэн гавьяа зүтгэл, үйл хэргийг залуу хойч үед дуурьсган таниулах зорилгоор түүний мэндэлсний түүхт 130 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх Монголын Улсын Засгийн газрын тогтоол гарсан бол төрлөх нутгийн хувьд Дорнодчууд бид маршалынхаа ойг аймгийн хэмжээнд зохион байгуулах ажлын хэсгийг аймгийн Засаг даргын захирамжаар байгуулан бүтэн жилийн хугацаанд тэмдэглэн өнгөрүүлэх төлөвлөгөө гарган ажиллаж эхлээд байна.
Ингээд энэхүү арга хэмжээнд оролцож буй Маршлын зээ охид, УИХ-ын гишүүд, хүндэт зочид нийт Дорнодчууддаа БНМАУ-ын хошой баатар, өрлөг жанжин маршал Хорлоогийн Чойбалсангийн мэндэлсний түүхт 130 жилийн ойн мэндийг өргөн дэвшүүлье.
Хэн ч мартах ёсгүй, хэзээ ч мартагдах учиргүй Монголын тусгаар тогтнолын төлөө халуун амь бүлээн цусаа зориулсан эрэлхэг баатруудын яруу алдар бадарч, үйл хэрэг нь үеийн үед дуурьсагдах болтугай.