Дорнод аймагт "Сүм хийд байгуулах, үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгох журам"-ын төсөлд иргэн та саналаа өгөөрэй

4 жил
Дорнод аймагт "Сүм хийд байгуулах, үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгох журам"-ын төсөлд иргэн та саналаа өгөөрэй

/ТӨСӨЛ/

 

ИРГЭД, СҮМ ХИЙД БАЙГУУЛАХ, ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЖУРАМ

 Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.Монгол улсын Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийг Дорнод аймагт хэрэгжүүлэх, шүтэн бишрэх эрхийнхээ дагуу иргэд сүм хийд байгуулах, үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгох, үйл ажиллагааны хугацааг сунгахад Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн 9-р зүйлд нийцүүлэн гаргасан энэхүү журмыг мөрдлөг болгоно.

Хоёр.Сүм хийд байгуулах, үйл ажиллагаа зөвшөөрөл

 хүсэхэд бүрдүүлэх баримт бичиг

 

2.1.Баримт бүрдүүлэх Сүм хийд байгуулах, үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авахыг хүссэн иргэд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд дараах бичиг баримтыг Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэн бүрдүүлж ирүүлнэ.

2.2.Тухайн сүм, хийд, төв байгуулах шаардлага, үйл ажиллагааны онцлогийг тусгасан өргөдөл.

 2.3. Монгол улсын төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2, 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсгийн шаардлагыг бүрэн хангасан дүрэм.

2.4. Тухайн шашны байгууллага байгуулахаар санал нэгдсэн хүмүүсийн хурлын шийдвэр, дэлгэрэнгүй тэмдэглэл.

2.5. Шашны байгууллага байгуулахыг анх санаачлагчдын товч бүртгэл /овог, нэр, нас, хүйс, боловсрол, мэргэжил, эрхэлж буй ажил, сургууль, гэрийн хаяг, утас/

2.6.Удирдах байгууллагын гишүүд, ахлагчдын дэлгэрэнгүй бүртгэл.

            2.7. Үйл ажиллагаа явуулах байршил, газрын зөвшөөрөл олгосон гэрчилгээ.

2.8. Шашны байгууллага байгуулах, үйл ажиллагаа явуулахад шаардагдах байр танхим барих, худалдан авах, түрээсээр ашиглах үеийн нөхцөл болон холбогдох бусад газраас авсан зөвшөөрөл, гэрээ.

2.9. Шашны байгууллагаас шашны зан үйлийг явуулахад шаардагдах ном, судар, бусад хэрэгслийн жагсаалт, хөрөнгө санхүүгийн хэмжээ, эх үүсвэр, тусламж хандив зардлын тооцоо.

            2.10. Шашны байгууллагын зорилго, шүтэж итгэдэг номлолын үндсэн үзэл санаа үйл ажиллагааны зарчим, гадаад харилцааг тайлбарласан танилцуулга.

            2.11. Шашны байгууллагаас шүтэн бишрэгчид, итгэгчдийн дунд зохиох ажлын гол агуулга, чиглэл.

2.12. Шашны байгууллагын номлол сургаал айлдагч гадаадын зөвлөх, багшийн дэлгэрэнгүй бүртгэл, фото зураг, гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх албаны болон ажиллаж буй газрын санал зөвшөөрөл, тодорхойлолт.

2.13. Тухайн сум багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй шашны байгууллагын байршил, лам санваартан нарын үнэмлэхүй тоог харгалзан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид, Засаг даргын өгсөн санал албан бичгээр.

 2.14. Улсын бүртгэлийн газраас нэр давхацсан эсэхийг тодруулсан лавлагаа

Гурав. Зөвшөөрөл олгох

3.1. Зөвшөөрөл олгохыг хүссэн иргэн энэхүү журмын хоѐрдугаар бүлэгт заасан баримт бичгийг бүрдүүлэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  Ажлын албанд ирүүлнэ.

3.2. Шашны байгууллага байгуулахыг хүсэж өргөдөл ирүүлсэн иргэдэд Монгол улсын Төр, сүм хийдийн харилцааны тухай хууль болон бусад холбогдох тогтоол шийдвэрийг Хурлын Ажлын алба танилцуулна.

3.3. Буддын шашны сүм хийд, дацан, төв нь Монголын Бурхан шашинтны төвөөс үйл ажиллагааны талаар тодорхойлолт авсан байна.

3.4. Шашны байгууллага байгуулах хүсэлт гаргасан иргэний шаардагдах бичиг баримт бүрдэл болсон эсэх, Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн дөрөвдүгээр зүйлийн 8 дахь заалтын дагуу тухайн нутаг дэвсгэрт уг сүм, хийд цуглаан шаардлагатай эсэхийг аймгийн иргэдийн Төлөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанд оруулна.

3.5. Шашны байгууллага байгуулах, үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгох, зөвшөөрлийн хугацааг сунгах тухай асуудлыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэн олонхийн саналаар шийдвэрлэнэ.

3.6. Сүм хийдийн дүрэм, түүнд оруулсан нэмэлт өөрчлөлт нь Монгол улсын хууль тогтоомжид харшлах бол сүм хийд байгуулах зөвшөөрөл олгохгүй буюу олгосон зөвшөөрлөө цуцална.

3.7. Зөвшөөрлийг 2 /хоёр/ хүртэл жилийн хугацаатай олгож болно.

Дөрөв. Хугацаа сунгах

4.1. Шашны байгууллага сүм, хийдийн зөвшөөрлийн хугацааг сунгуулахад дараахь бичиг баримтыг бүрдүүлнэ.

а/ Хугацаа сунгахыг хүссэн өргөдөл.

            б/Тухайн зөвшөөрлийн хугацаанд хийгдсэн үйл ажиллагааны болон санхүүгийн тайлан.

в/ Татварын байгууллагын тодорхойлолт.

г/ Үйл ажиллагааны талаар багийн Засаг даргын тодорхойлолт

4.2. Явуулсан үйл ажиллагаа, хийгдсэн ажлууд, шүтэн бишрэгчид итгэгчдийн тоо болон бусад асуудлыг хэлэлцэн зөвшөөрлийг 1-2 жилийн хугацаагаар сунгаж болно.

Тав. Хяналт тавих

            5.1. Зөвшөөрөл авсан сүм хийдээс явуулж буй үйл ажиллагаанд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид, Нутгийн удирдлага, өргөдөл гомдол, хяналт үнэлгээний бодлогын хороо болон Ажлын алба, Аймгийн тагнуулын газар, Иргэний харьяалал шилжилт хөдөлгөөний газар хяналт тавьж ажиллана.

5.2. Зөвшөөрөл авсан шашны байгууллага нь анхны батлагдсан дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах үйл ажиллагааны чиглэл, байршил, удирдах бүрэлдэхүүн, ахлагч нь өөрчлөгдсөн тохиолдолд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанд 10 хоногийн дотор албан ёсоор мэдэгдэнэ.

5.3. Шашны байгууллага нь лам, санваартан шүтэн бишрэгчдийн тоо, тухайн жилд хийсэн ажлын тайлан, танилцуулгыг жил бүрийн 12 сарын 25-ны дотор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албанд ирүүлнэ.

5.4. Монгол Улсын тусгаар тогтнол үндэсний аюулгүй байдал, иргэдийн зан заншил, үндэсний онцлогт харшилсан аливаа үйл ажиллагаа явуулсан нь батлагдвал тухайн шашны байгууллагын үйл ажиллагааг нь зогсоох хүртэл арга хэмжээ авч, шаардлагатай бол хуулийн байгууллагад шилжүүлнэ.

5.5. Сүм хийд аливаа шашны байгууллагын талаар иргэдээс ирүүлсэн санал гомдол, хүсэлтийг хүлээн авч зохих журмын дагуу барагдуулна.

5.6. Дүрэмд заагдсан зөвшөөрөгдсөнөөс өөр байршилд үйл ажиллагаа явуулахыг хориглоно.

5.7. Шашны байгууллагын гудамж талбай, олон нийтийн газар нийтийг хамарсан хурал, цуглаан зохион байгуулах зөвшөөрлийг тухайн байгууллагын саналыг үндэслэн сум, багийн Засаг дарга олгоно.

5.8. Энэхүү журмын дагуу албан ёсны зөвшөөрөл аваагүй тохиолдолд сүм хийд байгуулж шашны үйл ажиллагаа явуулахыг хориглоно.

Зургаа. Шашны үйл ажиллагаанд хориглох зүйл

6.1. Сүм хийд, шашны байгууллага нь үйл ажиллагаагаа зогсоохоор өөрөө шийдвэрлэвэл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанд 7 хоногийн дотор мэдэгдэх бөгөөд зохих шийдвэр гаргана.

6.2.Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс аливаа шашны байгууллагын үйл ажиллагааг зогсоосон тухай шийдвэр гармагц татварын болон цагдаагийн байгууллагад албан ёсоор мэдэгдэж хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд зарлана.

6.3.Тухайн сүм хийд, шашны байгууллага үйл ажиллагааг нь зогсоохоор гаргасан шийдвэрийг эс хүлээн зөвшөөрөл хууль тогтоомжийн дагуу шүүхэд гомдол гаргаж болно.

            6.4.Шашны байгууллага нь Монгол улсын хууль тогтоомж энэхүү журмын заалтыг зөрчсөн тохиолдолд зөвшөөрлийг цуцлан холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.