Өнөөдөр Мэргэжлийн хяналтын газар шинэ барилгын шав тавих ёслол боллоо. Шинээр баригдах барилга нь Олон улсын стандартын шаардлага бүхий лаборатори болон оффисын барилга бөгөөд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 6 дугаар багийн нутаг дэвсгэрт баригдах юм. Барилгын ажлыг “Их Базар констракшн” ХХК гүйцэтгэнэ.
Мэргэжлийн хяналтын газар нь 4 хэлтэс, хяналтын итгэмжлэгдсэн лаборатори гэсэн бүтэцтэй, 72 ажиллагсадтай үйл ажиллагаагаа явуулж байна. Одоо ажиллаж байгаа барилга нь 1968-1969 оны Дорнод аймагт ажиллаж байсан ОХУ-ын ажилчдын эмнэлгийн түр барилга бөгөөд ашиглалтын чанар, аюулгүй байдлын шаардлага хангахгүй боловч МХЕГ-ын болон орон нутгийн төсвөөс тодорхой хэмжээний хөрөнгөөр 2 удаа урсгал засвар хийж, 2016 онд Уламжлалт анагаах ухааны төвийн хуучин барилгыг өргөтгөн үйл ажиллагаа явуулж байсан юм.
Тус газрын хяналтын итгэмжлэгдсэн лаборатори нь эрүүл ахуйн нян судлал,хими, хор судлал, ургамлын эрүүл ахуй, хорио цээрийн хяналтын 4 чиглэлийн лабораториудад жилд дунджаар 3500 гаруй сорьц дээжид 8000 орчим үзүүлэлтээр сорилт шинжилгээ хийж ажилладаг байна.
Мэргэжлийн хяналтын газар нь олон улсын жишигт нийцсэн оффисын болон лабораторийн шинэ барилгатай болсноор лабораторийн сорилт шинжилгээ хийх өрөө тасалгааны орчин нөхцөл , тоног төхөөрөмж, боловсон хүчний хүчин чадал, MNS ISO/IEC 17025 стандартын шаардлагад бүрэн нийцэж, улмаар лабораторийн одоогийн хүчин чадал 2-3 дахин нэмэгдэнэ гэж тооцжээ.