Аймгийн Онцгой комиссын дэргэд Дотоод хяналт, шалгалтын ажлын хэсэг байгууллаа

3 жил
Аймгийн Онцгой комиссын дэргэд Дотоод хяналт, шалгалтын ажлын хэсэг байгууллаа
Монгол Улсад коронавирус /COVID-19/ халдварын тархалт нэмэгдэж, Улсын хэмжээнд “Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн”-тэй холбогдуулан аймгийн Онцгой комиссын гаргасан шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор “Дотоод хяналт, шалгалтын ажлын хэсэг”-ийг байгуулаад байна.
 
Ажлын хэсэг нь аймгийн Онцгой комиссоос гаргасан шийдвэр, чиглэл, үүрэг даалгаврын хэрэгжилт, COVID-19 халдварын цар тахалтай тэмцэх, хариу арга хэмжээний багуудын болон сумдын Шуурхай штабын ажлын уялдаа холбоонд мониторинг хийж ажиллана. Мөн төрийн албан хаагчдын сахилга хариуцлагыг дээшлүүлэх, зөвлөн туслах, илэрсэн зөрчил дутагдлыг шуурхай арилгах, ажлын хариуцлага алдсан, хайнга хандсан төрийн алба хаагчдад арга хэмжээ тооцуулах зэрэг ажлыг гүйцэтгэх юм.
Өнөөдөр /2020.11.23/ Дотоод хяналт, шалгалтын ажлын хэсгийн ахлагч бөгөөд аймгийн Засаг даргын тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Ц.Баяржаргал, ажлын хэсгийн орлогч бөгөөд Тагнуулын газрын дарга, хурандаа Б.Бямбаа нар 14 сумын Онцгой комисс, Шуурхай штабтай цахимаар холбогдож, дараах үүрэг чиглэл өглөө.
Үүнд: Сумдын Онцгой комисс, Шуурхай штаб хийж хэрэгжүүлж буй ажил, цаг үеийн мэдээ мэдээллээ нэг цонхоор хүргэх, дур мэдэн батлагдаагүй мэдээллийг ард иргэдэд түгээхгүй байх.
- Эргүүл, постод ажиллаж буй ажилтан, алба хаагчдад ажлын үүрэг, ажиллах цагийг тэнцвэртэй хувиарлаж, хариуцлага алдахаас урьдчилан сэргийлэх.
- Эргүүл, пост, чухал цэгт ажиллаж буй ажилтан, алба хаагчдыг зөв мэдээллээр хангах.
-Эргүүл, пост, чухал цэгт ажиллаж буй ажилтан, алба хаагчдын эрүүл мэндэд онцгой анхаарах, дархлаа дэмжих хоол, цайгаар хангах, мөн хамгаалалтын болон дулаан хувцас хэрэгслээр хангах.
Мөн сумдын Онцгой комисс 2020 оны 11 дүгээр сарын 11-нээс хойш аймгийн Онцгой комиссын шийдвэр болон аймгийн Засаг даргын өгсөн үүрэг чиглэл, албан даалгаврын хэрэгжилтийн биелэлтийг 11 дүгээр сарын 25-нд Дотоод хяналт, шалгалтын ажлын хэсэгт цахимаар өгөхийг үүрэг болголоо.
Мониторинг судалгаа, мэдээллийг 7 хоног бүрийн Баасан гарагт аймгийн Онцгой комиссод танилцуулна.